Зайсан тойруугийн замын хөдөлгөөнийг маргаашаас хуучин зохицуулалтаар явуулна
Нийслэлийн Зайсан тойруугийн замын хөдөлгөөнийг маргаашаас хуучин зохицуулалтаар явуулахаар “Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” өнгөрсөн оны захирамжийг хүчингүй болгов.
Ингэснээр замынхөдөлгөөний оройн оргил ачааллын цагийн үеэр хотын төвөөс гадагшлах хөдөлгөөнд сөрөг нөлөө үзүүлж Зайсангийн зам, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны гүүр, Энхтайваны өргөн чөлөө, Дүнжингаравын зам зэрэг гудамж замд ачаалал үүсэж болзошгүйг холбогдох албаны хүмүүс онцоллоо.
Зайсан тойруу, Дүнжингаравын замын зарим хэсгийг нэг чигийн хөдөлгөөнд оруулж, ХААИС-ийн зүүн хойд уулзварын хөдөлгөөн зохион байгуулалтыг өөрчилснөөр Энхтайваны гүүрний хойноос урагш чиглэх хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар 44, Яармагийн гүүрний баруунаас зүүн чиглэх хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар 37, МУБИС-ийн баруун урд уулзварын зүүнээс баруун чиглэх хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар 28 хувиар нэмэгдсэн байв.
Гэвч Зайсан орчимд амьдардаг иргэд дээрх шийдвэрийг цуцлах албан бичиг ирүүлсэн байна. Үүнд, Зайсан тойрууг нэг чигийн урсгалтай болгосноор ХУД-ийн 11, 22 дугаар хорооны 20 мянган оршин суугчийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх, үйл ажиллагаа явуулж буй 1000 гаруй аж ахуй нэгжийн үйлчилгээнд бэрхшээл үүссэн нэг чигийн хөдөлгөөнтэй болгосон шийдвэрийг цуцлан, хуучин байдалд оруулахыг хүсжээ. Тиймээс Зайсан тойруугийн замын хөдөлгөөнийг хуучин хэвд нь оруулах талаар олон нийтээс санал авахад оролцогчдын 80 орчим хувь нь цуцлахыг дэмжсэн аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.