Монголчууд Оросын нөлөөнөөс бүрмөсөн гарч магадгүйн учир

Монголчууд Оросын нөлөөнөөс бүрмөсөн гарч магадгүйн учир

САНКТ-ПЕТЕРБУРГ. /riafan/. "ОХУ-тай хил залгаа оршдог Монгол Улс ойрын ирээдүйд өөр орны нөлөөнд автаж. хамгийн эхлээд уламжлалт бичиг үсгээ, цаашлаад бүрэн эрхт байдлаа алдаж магадгүй юм. Ингэснээр ОХУ улс төрийн холбоотноо төдийгүй эдийн засгийн гол түншээ алдаж болзошгүй" хэмээн Санкт-Петербургийн Алс Дорнодын улс орнуудын судалгааны төвийн тэргүүн Кирилл Котков бичжээ. Түүний нийтлэлийг орчуулан хүргэж байна. 

Дэлхийд тэргүүлэгч олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Монголын талаар мэдээлэл олох амаргүй. Гэсэн хэдий ч Монгол бол 1.5 сая гаруй хавтгай дөрвөлжин газар нутагтай, дэлхийд нутаг дэвсгэрийнхээ хэмжээгээр 19 дүгээрт жагсдаг улс юм. Нэмж хэлэхэд, ОХУ, БНХАУ-ын дунд оршдог Монгол Улс нь Евразийн стратегийн байрлалд байдаг. Монгол Улсын нутаг дэвсгэрийн дийлэнх хэсгийг тал нутаг, цөл газар эзэлдэгээс гадна хүн амын тоо бага, Азийн худалдааны гол маршрутууд тус улсыг дайрч биш тойрон өнгөрдөг нь хэвлэлийнхний анхааралд өртдөггүйн гол шалтгаан байж болох юм. 

Гэсэн хэдий ч Их Британийн "Times" сонинд гарсан саяхны нийтлэл Оросын улс төрчдийн чихийг сортолзуулжээ. Тус сонинд мэдээлснээр, 2025 он гэхэд Монгол Улс кирилл үсгээс татгалзаж, 1941 оноос өмнө ашигладаг байсан хуучин монгол бичигт шилжихээр төлөвлөж байна гэжээ. Ингэхийн тулд Монголын Боловсролын яам босоо бичгийг цахим орчинд нэвтрүүлэхийг Мэдээлэл, харилцаа холбооны технологийн газарт үүрэг болгожээ. 

"Times" сонины нийтлэлч Хятад угсаатан Тан Диди бичихдээ "Монголын ард түмэн бичиг үсгийн хувьд тусгаар юм. Монголын хүн амаас хоёр дахин их хүн амтай Хятадын нутаг дэвсгэрт амьдардаг монголчууд (Өвөрмонголчууд) кирилл бус хуучин монгол бичгээ ашигладаг билээ" гэжээ. Монгол Улсын бичиг үсэгт шинэчлэл хийгдэж, эргээд хуучин монгол бичгээ хэрэглэж эхэлвэл тус улсад үзүүлэх Оросын нөлөө буурна гэдэгт итгэлтэй байгаагаа тэрбээр илэрхийлжээ.  

Хэдийгээр Өвөрмонголын газар нутаг хараат бус Монголын газар нутгаас хоёр дахин том боловч Өвөрмонголчуудын тал гаруй хувь нь монгол хэлээр ярихаа болиод удаж байна. Үүнээс гадна Өвөрмонголд “цэвэр” угсаатны монголчууд багасаж, хүн амынх нь 15 хүрэхгүй хувийг эзэлж байгаа бол үлдсэн 85 хувийг үндсэндээ Хятад болон бусад үндэстэн эзэлдэг байна. 1949 онд Өвөрмонголын уугуул хүн амын 80 хувь нь монголчууд байжээ.

Шинжээчдийн үзэж буйгаар, одоогоор гадны хүчнүүдийн гол зорилго нь Монгол дахь Оросын нөлөөг бууруулах аж. Гэсэн хэдий ч 1992 оноос буюу Хятадын болзошгүй халдлагаас Монголын нутаг дэвсгэрийг хамгаалж байсан Оросын цэргүүдийг гаргаснаас хойш энэ нөлөөлөл буураад байгаа билээ. Тухайлбал, Монголын ахмад болон дунд эргэм насныхны өнөөг хүртэл мэддэг орос хэлийг 2003 он хүртэл дунд сургуулиудад зайлшгүй үзэж судлах шаардлагатай гэж үздэг байсан бол өдгөө энэ хэлийг англи хэл орлох болжээ. Үр дүнд нь Оросын талаар маш бага ойлголттой, орос хэл мэддэггүй бүхэл бүтэн шинэ үе төрөн гарчээ.

Үүнтэй холбоотойгоор Монголын эрх баригчид эргээд хуучин монгол бичигт шилжих талаар нухацтай бодож эхэлсэн. Гэсэн хэдий ч хэл шинжээчид, угсаатан зүйчдийн үзэж байгаагаар, ийм алхам хийх нь Монголын хувьд дэвшил гарах магадлал тун бага. Монголчууд 1941 онд кирилл цагаан толгойд харьцангуй зовлон багатайгаар шилжиж чадсан юм. Үүний учир нь тухайн үед монголчуудын дийлэнх нь бичиг үсэг мэддэггүй байсантай холбоотой. ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Дундад Азийн улс орнууд, Казахстан улс мөн л ийм шалтгаанаар латин хожим нь кирилл бичиг үсэгт хялбархан шилжсэн гэж шинжээчид үздэг байна.

Харин одоо бол цаг үе нэлээн өөрчлөгдөж, ард иргэдийг өөр бичиг үсэгт шилжүүлэх нь илүү төвөгтэй байх болов уу. Нэгдүгээрт, Монголчууд кирилл бичигт үсэгт хэдийнээ дадсан бөгөөд өөр бичиг үсэгт шилжих гэж зүтгэх нь ард түмнийг албадан хүчилж байгаагаас өөрцгүй хэрэг болно.

Хоёрдугаарт, Узбекистаны гашуун туршлага үнэнийг гэрчилнэ. Тус улсын эрх баригчид 1993 онд латин үсэгт шилжих шийдвэр гаргасны дараа тус улсад үе хоорондын ялгаа үүссэн байна. Залуу үеийнхэн латин цагаан толгойг хурдан сурсан ч ахмад, дунд үеийнхэнд хамгийн хүндээр туссан гэдэг. Казахстанд ч мөн эрх баригчид ийм үйл явцыг эхлүүлээд удаагүй байгаа бөгөөд шинээр гаргасан латин бичгийн хувилбар дээрээ казахууд өөрсдөө инээдэм ханиад болж байгаа аж. 

1941 онд шинэ бичиг үсэгт шилжсэн нь монголчуудын соёлын залгамж байдалд цоорхой үүсэхэд хүргэсэн хэмээх Монголын одоогийн эрх баригчдын дундах маргаан нь дэгсэдсэн гэж хэлж болохоор. Түүх судлаачдын ярьж байгаагаар, хуучин монгол бичгээр бичигдсэн бүтээлийн дийлэнх нь голдуу төвд, хятад хэлээрх шашны болон түүхэн номнуудын орчуулгууд байсан бөгөөд эх хувилбараар бичигдсэн цөөн тооны бүтээлүүд л байдаг аж. Ийм ч учраас кириллээр бичигдсэн бүтээлүүд хуучин монгол бичгээр бичигдсэн бүтээлүүдээс хамаагүй их байдаг байна.

Хуучин монгол бичиг маш хүнд байдаг нь бас нэг зовлон юм. Үгний байрлалаас хамаарч үсэг бүрийн бичиглэл хэд  хэдэн хувилбартай байдаг. Хамгийн гол нь үгнүүд хэвтээ бус босоо байрлалаас өөрөөр бичигдэх боломжгүй. Түүнчлэн босоо монгол бичигт тоо болон математикийн томьёог оруулах боломжгүй. Эцэст нь гэж хэлэхэд хуучин монгол бичгээр бичихэд дуудлагаасаа өөрөөр бичигддэг үг олон.

1990-ээд оны эхээр Монголчууд хуучин монгол бичгээ сэргээхийг оролдож байсныг сануулан дурдах нь зүйтэй болов уу. Дунд сургуулиудад монгол бичгийн хичээлийн программыг нэвтрүүлсэн хэдий ч сурагчид монгол бичгийг хүлээж авахдаа муу байсан бөгөөд хурдан мартаж байсан юм. Ийм тохиолдолд хэрэглэхэд эвгүй, хуучин монгол бичигт шилжих асуудлыг дахин хөндөх нь зүйтэй юу? Монгол улс Украин төдийгүй Төв Азийн зарим улс орны явсан замаар явах бодолтой байна гэж улс төрчид үзэж байна. Өөрөөр хэлбэл, бүх зүйлээс тэр дундаа бичиг үсгээс татгалзах бодолтой байна гэсэн үг.

Монгол Улс Орос-зөвлөлтийн өв соёлоос татгалзах болсон нь Орос улс нөхөрсөг Монгол улсаа нөлөөндөө байлгахын тулд тун багыг хийж байгаатай нь холбоотой юм. Ийм байгаа нь тун хайнга явдал юм гэж дорно дахины судлаачид үзэж байна. Үнэхээр ч өнөөдөр ашигт малтмалаар баялаг Монголын бараг бүхий л олборлох, боловсруулах үйлдвэрүүд гадны уул уурхайн компаниудын гарт ороод байгаа билээ.

XX зууны дунд үед зөвлөлтийн мэргэжилтнүүд энэ улсад ашигт малтмал боловсруулах үйл явцыг эхлүүлсэн бишүү. Монголын газрын хэвлийд хэдэн сая тонн эрдэс баялаг, зэс, нүүрс, хэдэн арван мянган тонн молибден, цагаан тугалга, гянт болд, алт, мөнгө нуугдаж байдаг. Гэсэн хэдий ч өнөөдөр энэ бүх баялаг барууны уурхайчдын гарт байгаа бол Орос улс энэ хүрээнээс бүрэн шахагджээ.

Оросын нөлөөллөөс холдох нь Монголын хувьд ч цаашид залруулж боломгүй үр дагаварт хүргэж болзошгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна. Мэдээж эрх баригчид нэгэн цагт дэлхийг эзэгнэж явсан нүүдэлчин монголчуудын тухай хүссэнээрээ ярьж, 12 давхар байшингийн өндөртэй Чингисийн хөшөөг босгож болно. Гэвч үнэн үнэнээрээ үлддэг: хойд хөрш Оросын тусламжгүйгээр Монгол улсад хэзээ ч бий болохооргүй байсан олон салбарын хөгжил өнөөг хүртэл сул дорой хэвээр байна. Агуу дарлалын тухай ямар ч түүхэн үнэн Монголыг гадны түрэмгийллээс хамгаалж чадахгүй. Монголын стратегийн байрлал Оросын хувьд чухал ач холбогдолтой. Хятад ямар нэгэн байдлаар Монголыг бүрэлдэхүүндээ оруулбал, олон улсын хамтын нийгэмлэг сүрхий санаа зовнихгүй. Ингэж уусган шингээхийг анзаарах ч үгүй байж мэднэ.

Оросын хувьд Монголын стратегийн ач холбогдол нь асар их байсаар ирсэн гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Манжийн эрхшээлд байсан Монголын тусгаар төрийг үнэндээ Зөвлөлтийн Орос 1921 онд байгуулсан. Монголыг Зөвлөлтийн эрх баригчид хоёр улс хоорондын “зөөлөвч” болгон байгуулжээ. Монгол Улс газар зүйн хувьд нутаг дэвсгэрээрээ Орос, Монголын хил болон Байгаль нуур хоорондын нарийн коридор болох “Сибирийн лонхны хоолой”-г халхалдаг.

Үүнийг дурсан санаж байсан учир ЗХУ-ын удирдлага тусгаар Монголыг бүтээн байгуулахад тусламж дэмжлэг үзүүлэхэд зориулж хөрөнгө мөнгө зарцуулахдаа ч харамсаагүй юм. Дэлхийн хоёрдугаар дайны өмнө 1930-аад оны эцэст япончууд Монголыг эзэлж, “лонхны хоолой”-гоор дамжуулан зөвлөлтийн нутаг дэвсгэрт цохилт өгөх санаатай байжээ. Тийнхүү япончууд нэг амьсгаагаар Байгалийн чанад дахь хязгаар, Якут, Алс Дорнодыг ЗХУ-ын нутаг дэвсгэрээс салгахыг зорьж байсан аж. 1939 оны намар Халхын гол орчимд Улаан арми японы цэргүүдийг бут цохисноор энэ төлөвлөгөө нуран унасан юм.

Үүний зэрэгцээ Монголын нутаг дэвсгэр нь Зөвлөлтийн цэргүүдийг байрлуулах маш сайн талбар байжээ. Монголын Засгийн газраас дайтаж буй ЗХУ-д хэдэн арван мянган тоо толгой мал, хэдэн мянган тонн ноос өгч, сайн дурын цэргүүдийг Улаан арми руу мянга мянгаар нь илгээж байсан. Улаан армийн цэргүүдэд зориулж Монголоос нийлүүлсэн ноосоор хонины нэхий хийдэг байжээ. БНМАУ-ын ард иргэдийн цуглуулсан хөрөнгө мөнгөөр бүхэл бүтэн танкийн цуваа, их бууны анги байгуулж байсан аж.

ОХУ Монголд үзүүлэх нөлөөллөө гадныханд алдаж байгаа учир иймэрхүү болсон явдлуудаа талууд хагас дутуу санадаг болжээ. ОХУ, Монголын эрх баригчдын харилцааны цаашдын чиг шугамын талаар дурдая гэвэл бага зэрэг гунигтай байдал төсөөлөгдөж байна. Энэ харилцааг сэргээхийн тулд ОХУ хөрш Монгол Улсдаа идэвх сонирхолтой хандах хэрэгтэй. Талууд эдийн засгийн төдийгүй, хүмүүнлэгийн, боловсролын хамтын ажиллагаагаа сэргээж, бүхий л түвшинд ардын дипломат ажиллагааг эхлүүлж, орд газар, дэд бүтцийн томоохон төслүүдийг хамтран боловсруулах хэрэгтэй.

Монголын түншүүдтэйгээ харилцаагаа сэргээх нь Оросын төсвөөс их хэмжээний мөнгө шаардахгүй л болов уу. Түүнээс гадна энэ улсад хөрөнгө оруулалт хийх нь ОХУ-д нийцтэй байсаар ирснийг өмнөх туршлага харуулдаг.

Гэсэн хэдий ч талуудын хамтын ажиллагаа одоогийн түвшиндээ байвал Оросын нөлөөлөл үгүй болох биз. Харин Монгол Улсын хувьд цаашдаа бүрэн эрхт байдлаа алдаж, дахиад Агуу Хятадын нэг хэсэг болж магадгүйг үгүйсгэх аргагүй юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.