УИХ-ын даргаар Д.Амарбаясгаланг сонголоо
УИХ-ын чуулганы анхдугаар хуралдаанаар УИХ-ын даргыг томилох асуудлыг хэлэлцэв.
МАН-ынн Удирдах зөвлөл хуралдаж, УИХ-ын даргад Д.Амарбаясгаланг нэр дэвшүүлсэн талаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар танилцуулсан юм. Ингээд “Д.Амарбаясгаланг УИХ-ын даргаар томилъё” гэсэн томьёоллоор санал хураахад 126 гишүүнээс 121 нь дэмжсэн байна. Харин УИХ-ын гишүүн Х.Баттулга, Н.Алтанхуяг, Г.Очирбат, Б.Жаргалан, Д.Жаргалсайхан нар эсрэг санал өгчээ.
Гишүүдийн олонхын саналаар Д.Амарбаясгаланг УИХ-ын даргаар томилж байна. Ийнхүү УИХ-ын тамгыг шинээр томилогдсон даргад хүлээлгэн өгснөөр УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн бүрэн эрх хэрэгжиж эхэллээ.
Тэрбээр тамгаа гардаж авсны дараа үг хэлэхдээ, “Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын эрхэм гишүүд ээ. Монгол Улсын Үндсэн хуульд 2023 онд орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу УИХ-ын ес дэх удаагийн сонгууль амжилттай явагдаж, шинэ гишүүд сонгогдлоо. Шинэ УИХ нь мажоритар тогтолцоогоор 78, хувь тэнцүүлсэн зарчмаар 48 гишүүн сонгож, бүрэлдэж байгаа нь Монгол Улсын парламентат ёсыг бэхжүүлсэн, улс төрийн шинэ соёлыг төлөвшүүлсэн түүхэн үйл явдал болж байна. Өнөөдөр УИХ-д таван нам, эвсэл суудал авч, мэргэжлийн хуульч, эдийн засагч, инженер багш, эрдэмтэд зэрэг нийгмийн олон бүлгийн төлөөллөөс бүрдэж чадлаа. Ардчилсан парламентад тавигдах суурь шалгуур болох ард түмний төлөөллийг хангах чадвар эрс нэмэгдсэн. Ийнхүү төрийн бодлого тодорхойлох, хууль тогтоох үйл ажиллагаанд улс төрийн намуудын оролцоог өргөжүүлэх, зөвшилжлийн улс төрд шилжих чухал алхам боллоо” хэмээн онцолсон юм.
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан нь 1981 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн. 1998 онд Говь-Алтай аймгийн нэгдүгээр дунд сургууль, 2003 онд ШУТИС-ийн холбоо мэдээллийн технологийн их сургууль, 2011 онд МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуульд тус тус төгссөн. Цахилгааны инженер, мэдээлэл электроникийн инженер, улс төр судлаач мэргэжилтэй.
Ажлын туршлагын тухайд, 2000-2007 онд “Соёмбо принтинг” компанийн ерөнхий менежер, захирал, 2007-2009 онд “Монгол шуудан” ТӨХК-ийн маркетинг, төлөвлөлтийн газрын дарга, 2009-2012 онд МАН-ын Хэрэг эрхлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, 2008-2020 онд НИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, бүлгийн дарга, 2015-2016 онд МАН-ын сонгууль хариуцсан нарийн бичгийн дарга, 2016 онд МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, 2022-2024 онд Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан юм.
Д.Амарбаясгаланг УИХ-ын даргаар сонгосны дараа анхдугаар чуулган түр завсарлав.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.