Эцэг, эхчүүд цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардалд өдөрт 1000 төгрөг төлнө

Эцэг, эхчүүд цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардалд өдөрт 1000 төгрөг төлнө

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилтай холбоотойгоор Боловсролын сайд П.Наранбаяр мэдээлэл хийв. Боловсролын сайдын өгсөн мэдээллийг багцлан хүргэе. 

2024-2025 оны хичээлийн жилд цэцэрлэгийн хүүхдийн өдрийн хоолны мөнгө буюу 1000 төгрөгийг эцэг, эхээс нь гаргуулах талаар тэрбээр ярилаа. Энэ тухай “Цэцэрлэгийн хүүхдийн хоолны түүхий эдийн зардлын дүнг 1000 төгрөгөөр нэмэгдүүлэх саналыг Засгийн газрын тогтоолоор гаргуулахаар ажиллаж байна. Өнгөрсөн тавдугаар сард Засгийн газрын тогтоолоор хүүхдийн хоолны мөнгө 500 төгрөгөөр нэмэгдсэн. Ингэснээр хоол хийх түүхий эдийн зардал 3000 төгрөг болсон. Мөнгөн дүн нэмэгдсэнээр хүүхдийн өдөрт авах шим тэжээлийн хэмжээ 52, 53 хувьтай болсон билээ. Гэхдээ хүүхдүүдийн гэдэс хонхолзсон хэвээр. Тиймээс цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгө дахин 1000 төгрөгөөр нэмэгдсэнээр тэдний авах шим тэжээл 70 гаруй хувьд хүрнэ. Хоолны зардлыг хүүхдээ цэцэрлэгт өгч байгаа ээж, аав нь даана. Жишээлбэл, сард 22 өдөр хүүхдээ цэцэрлэгт өглөө гэж тооцвол 22 мянган зардал өгөх юм. Ингэснээр хүүхэд цадах хэмжээндээ хүртэл хоол идэх боломжтой болно. Таны тушаасан 1000 төгрөгийг хүүхдэд тань зориулна. Боловсролын ерөнхий хуульд цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг эцэг, эх нь хуваалцана гэсэн заалт бий. Бид энэ асуудлыг хөндөж яриад найман жил болсон ч шийдэл гараагүй байсан” хэмээн ярив.

Шинэ сурах бичгийг 100 сургуульд туршина

Үүнээс гадна сурах бичиг, сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөр, 1-5 дугаар ангийн сурагчдын сургалтын үндэсний хөтөлбөр, сурах бичгийг шинэчлэн гаргах 254 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг байгуулжээ. Сурах бичгийн шинэ хувилбар 10-11 дүгээр сард гарах аж. Эхний ээлжинд 100 сургуульд турших бөгөөд ирэх жилээс үндэсний хэмжээнд нэвтрүүлэх юм байна. Үүнтэй холбоотойгоор 1-5 дугаар ангид сурагчдын унших бичгийг сэргээж, хүүхдийн унших чадварыг нэмэгдүүлэхээр болжээ. Шинээр зохиож буй сурах бичиг нь интерактив QR кодтой, эсвэл AR-тай байх бөгөөд ингэснээр хүүхэд сурах бичигтэйгээ ажиллах боломжийг бүрдүүлж байгаа аж.

Их, дээд сургуулийн босго оноог нэмнэ

Түүнчлэн их, дээд сургуультай холбоотой мэдээлэл өгөв. Тэрбээр энэ тухай ярихдаа “Төрийн өмчийн их сургуулийн төлөөллүүдтэй уулзахад босго оноог 520-оос дээш болгохыг санал болгосон. Мөн хувийн их сургуулиудын төлөөллийн байр суурийг сонсож шийдвэрээ гаргана. Энэ жилийн элсэлттэй огт хамаагүй. Ирэх жилээс хэрэгжинэ. Гэхдээ энэ асуудалд эрх ашиг нь хөндөгдөж байгаа хүмүүсээс санал авч үүнийг шийдвэрлэнэ. Цаашид баримтлах чиглэлд элсэлтийн босго оноог өндөрсгөх зайлшгүй шаардлагатай. Тэгж байж их сургуулиудын чадвар, чанар дээшилж, судалгааны их сургууль болгож хөгжүүлэх боломжтой” гэлээ.

Есдүгээр сарын 1-нд нээлттэй өдөрлөг зохион байгуулна

2024-2025 оны хичээлийн шинэ жилийн нээлт буюу есдүгээр сарын 1-ний өдөр нь ням гарагт тохиож буй. Тэгвэл энэ өдөр цэцэрлэг болон нэг, зургадугаар ангийн сурагчид, эцэг, эхчүүд цэцэрлэг, сургуулийн орчинтой танилцах, нээлттэй өдөрлөг зохион байгуулах аж. Өөрөөр хэлбэл, нүсэр бус төсөр байдлаар есдүгээр сарын 1-ний үйл ажиллагааг явуулахаар болжээ. Харин есдүгээр сарын 2-ны даваа гарагаас хичээл сургалтын үйл ажиллагааг шууд эхлүүлэх юм байна. Мөн их, дээд боловсролын сургалтын байгууллага ирэх сарын 2-нд нээлтийн үйл ажиллагааг орон нутгийн бодлого чиглэлтэй уялдуулж эхлүүлэх юм.
 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-ын Сөүл хотын Боловсролын газрын төлөөллийг хүлээн авч уулзлаа 2024-08-13

Есдүгээр сараас 1-нээс орон нутгийн тээврийн хэрэгсэл нийслэлд 48 цагаас дээш хугацаанд зорчвол хоног тутамд 5000 төгрөг төлнө 2024-08-14

87 хонь аянгад цохиулж хорогдсон байна 2024-08-14

УИХ-ын 2024 оны ээлжит бус чуулганыг нээж УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн хэлсэн үг 2024-08-15

Гавьяат тамирчин М.Анхцэцэгийн амжилтыг Монголын хүндийг өргөлтийн холбооноос гурван өрөө байраар мялаалаа. 2024-08-15

Эцэг, эхчүүд цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардалд өдөрт 1000 төгрөг төлнө 2024-08-15

Үер, ус, мөндөр, борооны өмнөх нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулав 2024-08-15

Х.Нямбаатар: Борооны ус зайлуулах шугамыг эвдэж, хөрсний усаа шавхаж байгаа барилгын компаниудын үйл ажиллагааг зогсооно 2024-08-18

Энэ долоо хоногийн 12 ордын зурхай 2024-08-19

Шонхор шувуу агнах хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай 2024-08-19

Орон нутгийн тээврийн хэрэгсэл нийслэлд зорчвол төлбөр төлнө 2024-08-29