УИХ хүний эрхийг дээдэлсэн эрх зүйн тогтолцоог бүрдүүлнэ
УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж болон Тамгын газрын удирдлагууд өнөөдөр УИХ-ын 2024 оны ээлжит бус чуулганы үр дүн болон УИХ-ын даргын захирамжаар байгуулсан ажлын хэсгүүдийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж “УИХ-ын ээлжит бус чуулган өнгөрсөн сарын 15-30-ны өдрүүдэд хуралдаж, 30 хууль тогтоол баталсан. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ээлжит бус чуулганыг хааж хэлсэн үгэндээ нэгдүгээрт, хууль тогтоомжид хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй үзэл санааг түлхүү тусгахад анхаарна. Хоёрдугаарт, хуулийн зохицуулалт иргэдэд ойлгомжтой байж, хуулийн хэрэгжилт хэнийг ч ялгадаггүй байхад чиглэнэ. Гуравдугаарт, хуулиуд цаг хугацааны хувьд хоцрогдолгүй байх ёстой хэмээн онцолсон” болохыг хэллээ.
Түүнчлэн яам агентлагаас баталсан дүрэм журмууд хүний эрхийн зөрчил үүсгэж байгааг тогтоосон тул УИХ-ын гишүүдийн саналыг авч, нийт 53 ажлын хэсэг байгуулсан. Тэдгээр ажлын хэсгийн 18 нь санал дүгнэлтээ боловсруулж 2024 оны намрын ээлжит чуулганаар УИХ-д танилцуулах бол бусад ажлын хэсэг ирэх оны хаврын чуулганы хугацаанд санал дүгнэлтээ танилцуулна гэж тэрбээр мэдээллээ.
Дээрх шийдвэрийн хүрээнд,
-Хүний эрх, хууль зүйн чиглэлээр 16
-Төрийн байгуулалтын болон төрийн албаны чиглэлээр 5
-Нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, боловсролын чиглэлээр 9
-Эдийн засаг, аж ахуйн үйл ажиллагааны чиглэлээр 16
-Байгаль, орчин, хүрээлэн буй орчин 3
-Хот байгуулалт, дэд бүтцийн салбарын 5 ажлын хэсгийг байгуулсан аж. Одоогийн байдлаар, 840 хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаагаас 400 нь өдөр тутмын амьдралд үйлчилдэг. Мөн 2700 дүрэм журам мөрдөгдөж байна гэж УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж тодотголоо.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.