Монгол Улс, БНСУ-ын ҮЭХ-д хамтран ажиллана
МҮЭХ БНСУ-д ажиллаж амьдарч буй 50 мянган иргэнийхээ хөдөлмөрлөх эрхийг хамгаалах, хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд холбогдох хууль тогтоомжид тусгах талаар тодорхой ажлууд хийхээр тохиролцжээ.
БНСУ-ын ҮЭ-ийн холбооны урилгаар МҮЭХ-ны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат, салбарын ҮЭХ-ны зарим удирдлагын хамт ажлын тус улсад айлчилж, тэнд ажиллаж амьдардаг монгол иргэдийнхээ хөдөлмөрлөх эрхэд тодорхой ахиц дэвшил бүхий хэд хэдэн асуудлаар хэлэлцэн тохиролцож, БНСУ-ын үндэсний ассамблейд ҮЭХ-гоо төлөөлөн сууж буй парламентын гишүүдийн төлөөлөлтэй уулзан, бодлогын түвшинд хамтран ажиллах тухай санал солилцлоо. МҮЭХ, БНСУ ын ҮЭХ-дын салбар аймаг, харьяа газар, ажлын албаны хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллах яриа хэлэлцээр хийв.
БНСУ Хөдөлмөрийн харилцааны зарим хууль тогтоомжоо өөрчилж, тухайлбал халууны улиралд хэт халалтаас үүдэн ажлын байран дээр тухайн ажилтны эрүүл мэндэд ноцтой хохирол учирсан бол үйлдвэрийн осол гэж үзэх, ажил олгогч цалин хөлсөө цаг тухайд нь олгоогүй тохиолдолд оногдуулах шийтгэлийг чангатгах зэрэг заалт оруулж байгааг БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн Хонг Бэ Парк онцоллоо.
МҮЭХ-ны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат Монгол Солонгосын парламентийн бүлгийн гишүүнээр сонгогдсоны хувьд хоёр орны парламент хууль тогтоох чиглэлээр ажилчин хүний эрх ашгийн төлөө хамтын ажиллагааг өргөжүүлэхэд идэвхийлэн ажиллахыг чухалчлан саналаа илэрхийлсэн юм.
Манай улсын 56 мянган иргэн БНСУ-д сурч, ажиллаж амьдардгаас 3 хүн тутмын нэг нь буюу 18 мянган иргэн визгүй оршин суудаг. Зөвшөөрөлгүй болон гэрээгээр ажиллаж амьдарч буй хүмүүст ч хөдөлмөрийн хөлсөө цаг тухайд нь авч чадахгүй, ажлын байран дээр осол гэмтэлд өртсөн ч эмнэлгийн тусламж, даатгалын үйлчилгээ авч чадахгүй байх зэрэг асуудал тулгарсаар байгаа билээ. Иймд монгол иргэд эрх ашгаа хамгаалахын тулд нэгдэн ҮЭ байгуулан, БНСУ-ын ҮЭ-тэй хамтран ажиллах хэлбэрээр эрх ашгаа хамгаалуулах боломж нөхцөл бүрдүүлэхийн тулд хоёр орны ҮЭ-ийн холбоод тодорхой ажил хийхээр тохиролцлоо.
Түүнчлэн, айлчлалын үeэр хөдөлмөр халамж үйлчилээний нэг цэгийн үйл ажиллагаатай танилцаж, хилийн чанадад дахь ажилчдын хөдөлмөрлөх эрх ашгийг хамгаалах Монголдоо буцан ирж ажиллахыг дэмжих, нийгмийн даатгал, цалин хөлсний маргааны тухай ярилцсаныг МҮЭХ мэдээлжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.