Сонгууль хойшлуулах ямар эрх ашиг байна
Ирэх зургаадугаар сард болох УИХ-ын ээлжит сонгууль хойшлох эсэх дээр төрийн жолоог атгасан хоёр эрх мэдэлтэн эсрэг, тэсрэг байр суурьтай байгаа. Өнгөрсөн сарын сүүлээр Ерөнхийлөгч Х.Баттулга уриалга гаргахдаа “УИХ-ын сонгуулийг хойшлуулж, түүнд зарцуулах хөрөнгө мөнгийг хэмнэх” тухай дурдсан. Түүнээс нь хоёрхон хоногийн дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх шинэ коронавирусний цар тахлын үед хүндэрч байгаа эдийн засгаа дэмжих таван их наядын өртөгтэй долоон арга хэмжээг танилцуулах үеэрээ “УИХ-ын сонгуулийг хойшлуулах асуудал үүсээгүй байна” гэж байлаа. Тэгвэл УИХ-ын хаврын ээлжит чуулганы нээлт дээр Ерөнхийлөгч илтгэл тавихдаа “УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулахаас өөр арга зам алга байна. Сонгуулийг товлосон хугацаанд явуулах гэж муйхарлах нь хэд хэдэн эрсдэлийг дагуулах нь тодорхой байна” гэв.
Гэхдээ энэ удаа хэмнэх талаар биш олон нийтийг цуглуулах, ирц бүрдэхгүй байх эрсдэл байгааг дурдана лээ. УИХ-ын сонгуулийг хойшлуулах мэдэл нь парламентад бий. Тэгэхээр энэ асуудлыг цэглэх тал дээр хүчээ үзэх юм бол парламентад 63 (Б.Батзоригийг чөлөөлбөл 62) гишүүнтэй намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн дураар болж таарна.
Өнгөрсөн арав гаруй жилийн улс төрийг харахад гол төлөв Ерөнхийлөгч хийгээд Ерөнхий сайд нар хоорондоо таарамжтай байгаагүй. Тэр “шарх”-ыг сонины шар хуудас эргүүлж хайх ч хэрэггүй. Ажил албаа өгсөн томчууд маань өдгөө ч хорсол заналаа олон нийтэд тайлбарласаар яваа. Үндсэн хуулиар олгогдсон Засгийн газрынхаа ажилд шууд хутгалдан орохгүй ч үүрэг чиглэл өгдөг, хууль хүчний байгууллагын удирдлагыг томилдог, хууль санаачлах эрхтэй Ерөнхийлөгч, УИХ-ын сонгуульд ялалт байгуулсан намаас томилогдсон мөрийн хөтөлбөр биелүүлэх үүрэгтэй Ерөнхий сайд гэсэн хоёр зэрэгцээ албан тушаал ийм байдалд хүргэсэн. Бид Үндсэн хуулиараа парламентын засаглалтай гэдэг ч гадна талдаа хагас Ерөнхийлөгчийн засаглалтай харагдаж ирлээ.
Тийм болохоор олон нийтийн дунд Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын нөхөрлөл энэ хүрээд зогсов уу гэсэн таамаг их явж байна. Хоорондоо муудалцаасай гэсэн хүлээлт ч байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ ҮАБЗ-ийн өнгөрсөн хоёр жил орчмын хоршлоос харахад эв эвдрэлцэх нь битгий хэл улам нягтраад байсан даа. Сонгууль хойшлуулах тухайд бол өөр өөрсдийн зарчмын байр суурийг л баримталж байгаа байх. Ийм хэмжээний улс төрийг ойлгох болтлоо тогоонд нь чанагдсан хүмүүс шүү дээ. Цаад улс төр нь өөр, өөр юм шаардаад байхад олон нийтэд хандсан үгээ хэлэлгүй яах вэ дээ. Ямартаа ч тэдний байр суурийг дагаад парламентад суудалтай, суудалгүй намууд сонгууль хойшлуулах нь зөв, буруу гэсэн байр суурь илэрхийлээд эхэллээ. Сошиалд ч нийгмийн идэвхтэй хэсэг хүн мэтгэлцэх сэдэвтэй болчихоод байгаа. Ер нь бол аль нэг нь улсаа хорлох гээд, нөгөө нь аврах гээд байгаа юм энд алга. Тэгээд ч төрийн өндөр албан тушаалд тэр тусмаа Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын эрх мэдэлд очсон хүн улсаа хорлох гээд байна гэдэг бол угаасаа үнэмшилгүй зүйл. “Монголоо бодож сэрэх”-ээс өөр зорилгогүй амьдрах хүнд ачаа шүү дээ.
Ерөнхийлөгчийн хувьд УИХ-ын сонгуулийн зардлыг хэмнэж, коронавирусний аюул бүрэн өнгөртөл харзнах хүсэлтэй байгаа. Улстөржсөн элдэв амлалт, сонгууль нь байдлыг улам муутгах вий гэж болгоомжилж байгаа нь дамжиггүй. Зургаадугаар сард сонгуулийн дараа байгуулагдах төр бүх талаар бүсээ чангалах бодлого явуулна. Эдийн засагчдын таамаглал ч тийм байна. Тэгэхээр эрт бүсээ чангалах хэрээр иргэдийн амьдрал эрт цохилтод орно гэсэн үг. Товчхондоо, коронавирусний хямрал энэ хавар биш ирэх хавар илүү мэдэгдэнэ. Тэр үед бий болсон ажилгүйдэл, ядуурал 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн гол сэдэв болно. Дахиад нэг удаа өрсөлдөхийг өнөөгийн Ерөнхийлөгч өөрөө хүсдэггүй юм гэхэд энэ хүртэл нь дэмжиж ирсэн олон хүн зөвшөөрөхгүй. Тэгэхээр коронавирусний цар тахлаас үүдсэн явдал хэрхэн төгсөхөөс түүний дахин сонгогдох эсэх хамаарах юм. Энэ өнцгөөс харвал өвчин тахлын хамгийн сөрөг үр дагавар 2021 оны сонгуулийн дараа ард нийтийн амьдралд мэдэгдэж эхлэх нь Ерөнхийлөгчид ашигтай. Түүнээс хэт мэдрэг хүмүүсийн яриад байгаа шиг юу юугүй дарангуйлал тогтоочихъё гэж байгаа юм байхгүй дээ. Өөрөө ч хаврын чуулганы нээлтийн үеэр “Үндэсний аюулгүй байдал, нийгмийн тогтвортой байдлын үүднээс УИХ-ын ээлжит сонгуулийн товыг царцааж, сонгуулийг хойшлуулах нь хамгийн эрүүл, ухаалаг шийдвэр байх болно. Сонгууль хойшилбол дарангуйлал тогтох нь гэх сүржин таамаглал дэвшүүлж байгаа хүмүүс, улс төрийн хүчнүүдэд Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийг сайтар уншихыг би энэ индэр дээрээс зөвлөж байна. Учир нь Монголын хууль эрх зүйн актуудад ийм нөхцөлд зөвхөн УИХ-д бүх эрх мэдэл, засаглал хадгалагдана гэдгийг тов тодорхой заачихсан байгаа” гэсэн байна лээ. Хуулиар засаглалын дарангуйлал тогтох боломж одоохондоо алга. Ер нь хойшдоо нэг удирдагчтай болох сонголт хийх шаардлагатай болдог юм гэхэд өнгөрсөн жилүүдэд улстөржин үнэн худал нь мэдэгдэхгүй элдэв зүйлээр дуудалцсаар шаазгай шиг алаг болтлоо будуулсан өнөөгийн улстөрчдөөс тодрохгүй. Бүр муугаар бодоод тийм байдал руу орчихвол эрх чөлөөний мэдрэмж өндөртэй монголчууд удаан тэсгээхгүй. Өнгөрсөн 30 жилийг харааж зүхдэг хүн байдаг ч, тэд эргээд нэг хүний удирдлагад орох хүсэлгүй гэдэгтэй мөрийцөхөд ч бэлэн байна. Бид эрх чөлөөт нийгмийн амтанд дэндүү гүн орсон. Харин төрийн албанд луйварчин, хулгайч шургах зай үлдээхгүйгээр цэвэршиж, дүрэм журам нь тогтоход хугацаа, хийх ажил их байгаа. Тиймээс дарангуйлуулсан ард түмэн биш дарангуйлах гэж оролдсон хүний хувь заяа эмгэнэлтэй болно. Түүхэнд тийм байдлаар үлдэх сонирхол эрүүл ухаантай хүнд төрөх ч үгүй.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд Ерөнхийлөгчөөс ялгаатай нь намын дарга хүн. Улс оронд тулгамдсан асуудалд зоригтой шийдэл олж байгаа талаасаа олон нийтийн дэмжлэг сайн байгаа. Тэгэхээр улс төрийн ялалт хүсэж байгаа нь ч эргэлзээгүй. Улстөрчид, намуудын рейтингийг судалдаг МЭК компанийн хийсэн судалгаагаар өнгөрсөн гуравдугаар сарын байдлаар Ерөнхийлөгчөөс “тохой өндөр” явж болсон байна лээ.
Бусад улстөрчид бол нэр хүндээрээ өнөөдөр энэ хоёрынхоо барааг алдсан. Энэ нь Ерөнхий сайдыг дахин ажиллуулах хүсэл олон нийтэд байна гэсэн үг. Тийм ч болохоор ирэх сонгуульд МАН-аас нэр дэвшигчид түүнийг хүрээлэн, нэр хүндэд нь дулдуйдан орох байх. Ингэж нэр хүндтэй байгаа нь өнгөрсөн жилүүдэд хийсэн улс төрийн тэмцлээс нь гадна утааг бууруулсан гэх мэт аж ахуйн ажлуудтай нь их холбогдоно. Дээр нь сүүлийн саруудад явуулсан коронавирусний эсрэг арга хэмжээ, татвар, өр царцаасан шийдвэр нь ч олон нийтэд таалагдсан. Ийм халуун үедээ УИХ-ын сонгуулийг хийгээд авахыг бодно. Хятадад анх өвчин гарснаас эхлээд улсынхаа эдийн засгийг золиосолж хил гаалиа хааж, гол орлого болох нүүрсний тээврээ зогсоож байлаа. Түүний хүчинд өнөөдөр гаднаас тээвэрлэж ирснээс өөр тэр айхтар өвчний тохиолдолгүй сууж байна. Энэ ч бас Засгийн газрын гавьяа. Тэгэхээр коронавирус эмнэлэгт байгаа үед сонгуулиа маш сайн зохион байгуулалттайгаар хийгээд авахад буруудах юм байхгүй. Хэрэв сонгууль хойшлуулчихлаа гэхэд ямар ч зовлон үүсэхгүй юм биш. Наад зах нь, УИХ, Засгийн газрын шийдвэр эрх зүйн хувьд чадамжтай эсэх маргаан өрнөнө. Коронавируснээс үүдсэн олон бэрхшээл овоорохтой зэрэгцээд улс орны удирдлага чадамж муутай болчихвол бараг гамшиг тохионо биз дээ. Тийм болохоор төр төвхнөх ажлыг хугацаанд нь, хариуцлагатай хийгээд явбал зөв гэсэн өнцгийг барьж байгаа байх.
Сонгуулийг хойшлуулж төсөв хэмнэлээ гэхэд улсын хэмжээнд харахад их мөнгө биш л дээ.
2016 оны УИХ-ын сонгуулийг аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуультай хамтатган явуулахад 16.4 тэрбум төгрөг төсөвлөсөн байдаг. 2012 оны УИХ-ын сонгуульд 16.8 тэрбум төгрөг зарцуулж байлаа. Ирэх ээлжит УИХ-ын сонгуулийн зардал 20.5 тэрбум төгрөгөөр улсын төсөвт батлагдсан. Ерөнхийдөө ийм. Энэ зэргийн мөнгө бол төрийн эрх барих дээд байгууллагаа дөрвөн жилд нэг удаа байгуулахад зарцуулахад халаглах хэмжээний их зардал биш. Муу ч, сайн ч бүтэн улс байна даа. 20 тэрбум төгрөг гэдэг чинь 20 км хатуу хучилттай зам тавих л хөрөнгө. Бүр болохгүй бол хотын даргын усан оргилуур барих 3.2 тэрбум гэх мэттэй адил хэдэн хөрөнгө оруулалтын ажлыг хасчихсан ч болно. Эсэргүүцээд байгаа улс төрийн намууд сонгууль цагтаа явагдахын өмнө өөрсдөө танигдаж амжсангүй гээд дургүйлхээд байгаа бололтой юм билээ. Гэхдээ цаг хугацаа нь болсон бол хийх л ёстой. Тухай нь, нэг жингийн хоёр бөх олимп дээр таарчихаж л дээ. Нэг нь илт илүү бэлтгэлтэй байгааг харангуутаа “За, би гурван сарын дараа барилдая. Энэ чинь фанат ихтэй аймар юм байна” гээд унжаад байж болохгүйтэй адил. Тэгэхээр УИХ-ын сонгууль хойшлох ёстой гэдэг бол илүүдсэн хийрхэл юм.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.