Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллага болон ДБҮХБ-ын цахим мэдээллийн санд нэгдлээ

Үйлчилгээний салбар болон түүний эдийн засгийн хөгжилд гүйцэтгэх үүргийг ил тод, нээлттэй болгох зорилгоор Дэлхийн худалдааны байгууллага болон Дэлхийн банкны Үйлчилгээний худалдааны бодлогын мэдээллийн сан (STPD)-д Монгол Улс нэгдлээ.
Манай улс үйлчилгээний салбарын мэдээллээ ДХБ-ын цахим мэдээллийн санд оруулснаар худалдааны бодлогоо олон улсын түвшинд нийцүүлэх боломжийг бүрдүүлж, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эдийн засгийн тогтвортой төрөлжилтийг дэмжихэд чухал ач холбогдолтой. ДХБ-ын мэдээллийн санд оруулах судалгааг тус яамны санаачилгаар Tugs & Co хуулийн фирм гүйцэтгэж, судалгааны тайлангийн хурлыг энэ сарын 19-нд Гадаад харилцааны яаманд зохион байгуулав. Судалгааны хуралд төр засаг, олон улсын байгууллага, хувийн хэвшил болон эрдэмтэд судлаач зэрэг 60 гаруй төлөөлөгч оролцож, санал бодлоо солилцлоо.
Ажил үйлчилгээ нь Монгол Улсын хувьд эдийн засгийн хөгжилд чухал үүргийг гүйцэтгэж, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт, ажлын байр бий болгох, олон улсад өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулдаг салбар юм. Дэлхийн эдийн засаг улам бүр харилцан уялдаатай болж буй өнөө үед Монгол Улсын үйлчилгээний худалдааны бодлогыг олон улсын тогтолцоотой уялдуулах нь чухал болохыг илтгэгч нар онцлов.
Түүнчлэн ДХБ-аас тусгай зочид Жоселин Магделен болон Лаура Байкер нар судалгааны хуралд цахимаар оролцон Монгол Улс тус мэдээллийн санд нэгдэн орж буй 135 дахь улс болохыг цохон тэмдэглэж, цаашид манай улс тус мэдээллийн санд орсон үйл явцад үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлж, заавар зөвлөмж өгөхөө нотоллоо.
Гадаад харилцааны яам, Tugs & Co хуулийн фирм, Европын холбооны “Монгол Улсад гадаад худалдааг хөгжүүлэх төсөл”-тэй хамтран Монгол Улсын үйлчилгээний салбарын мэдээллийг тус мэдээллийн санд оруулах ажлыг энэ оны гуравдугаар сард эцэслэн оруулахаар төлөвлөж байна гэж ГХЯ-наас мэдээллээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.