С.Одонтуяа: Эгийн голын усан цахилгаан станцын нөлөөллийн талаар эцсийн дүгнэлтийг гаргана

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, зарим шийдвэрийг сайд нар танилцуулах үеэр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа ярихдаа, “Эгийн голын усан цахилгаан станцын хамтарсан ажлын хэсгийг байгуулж, Монголын талаас долоон хүний бүрэлдэхүүнтэй багийн судалгааны ажил амжилттай үргэлжилж байна. Засгийн газрын өнөөдрийн хурлаар Монголын талаас хийж гүйцэтгэх судалгааны дөрвөн ажил байгааг танилцууллаа. Эхний ээлжид туслах далангийн ТЭЗҮ-г боловсруулах санхүүжилтийг хийхээр болсон. Бид ажлаа төлөвлөгөөний дагуу хийж байгаа. Энэ дагуу 2026 оны эхний хагаст Эгийн голын усан цахилгаан станцын нөлөөллийн талаар эцсийн дүгнэлтийг гаргах юм.
Эгийн голын УЦС-тай болсноор Монгол Улсын эрчим хүчний салбарт томоохон, чухал хувь нэмэр болно гэж үзэж байна. Эгийн голын УЦС-ын туслах далангийн ТЭЗҮ боловсруулах зардлыг Засгийн газар баталллаа. Энэ төслийг хэрэгжүүлэх тухай асуудлыг 1964 онд анх ярьж эхэлснээс хойш үе үеийн Засгийн газар олон ажил хийсэн ч ОХУ-ын талтай бүрэн ойлголцолд хүрч чадаагүй өдийг хүрсэн. Хамтарсан Засгийн газар байгуулагдсанаас хойш олон жил гацсан энэ төслийн ажлыг хөдөлгөх талаар бид дараалсан ажлыг хийж ирсэн.
ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 46 дугаар хуралдаанаас Монгол Улс Эгийн голын УЦС-ыг хэрэгжүүлэхээр төлөвлөн, энэхүү төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг Дэлхийн өвийн нөлөөллийн үнэлгээ хийх заавар, зөвлөмж болон олон улсын стандартын дагуу хийх гэж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн нь цаашид энэ төсөл амжилттай хэрэгжих үндэс болно гэж үзэж байна.
Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд нар Байгаль нуур болон Сэлэнгэ мөрнийг хамгаалах салбарт хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурж, мөн санамж бичгийн дагуу хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцэн тохирч гарын үсэг зурсан. ОХУ, ЮНЕСКО-гийн Дэлхийн өв Байгаль нуурт үзүүлэх нөлөөллийн экологийн иж бүрэн үнэлгээ, төслийн Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ, төслийн туслах далангийн ТЭЗҮ боловсруулах ажлыг шуурхай зохион байгуулах, зардлыг санхүүжүүлэхээр Засгийн газар шийдвэрлэсэн” гэлээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.