Увс аймгийн 100 жилийн ойн барилдаанд Б.Бат-Өлзий заан түрүүллээ

Увс аймгийн 100 жилийн ойн барилдаанд Б.Бат-Өлзий заан түрүүллээ

Увс аймгийн түүхт 100 жилийн ойд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, "Аврагч" спорт хороо, "Монтед" Констракшн, "Асиан Сити" ХХК, "Валькан" групп, "Ховд" дэвжээний бөх, Улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий түрүүлж, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, "Алдар" спорт хороо, ЗХ-337 анги, АПУ ХК, "Чиглэл" ХХК, "Их Монголын Хүчтэн" дэвжээний бөх, Улсын харцага Баянзулын Цэдэнсодном үзүүрлэв.

Шөвгийн дөрөвт Увс аймгийн Ховд сумын харьяат, "Сүлд" спорт хороо, "Хемон Констракшн" ХХК, "Увс Нуур" дэвжээний бөх, Дархан аварга Н.Батсуурь, Увс аймгийн Улаангом сумын харьяат, ҮБХИС, "Увс нуур" дэвжээний бөх, Улсын гарди Ө.Бат-Орших нар шалгарлаа. 

Наймд Улсын заан Д.Хүдэрбулга, Улсын харцага Т.Баасанхүү, Улсын харцага Ц.Мөнхбаяр, Улсын өсөх идэр начин Ч.Батчулуун нар үлдэв.

Тус барилдааны үеэр Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд, Увс аймгийн Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн дарга Баттогтохын Чойжилсүрэн "Монгол бөхийн өргөө"-ний гадна тохижилтын ажилд зориулан 100 сая төгрөг хандивлав. Тэрбээр өөрөө бөхийн удамтай бөгөөд аав нь аймгийн хурц арслан Баттогтох гэж хүн байжээ. МҮБХ-оос Монгол бөхөө дэмжиж байгаад талархлаа илэрхийлж, "Монгол бөхийн өргөө"-ний дүрс бүхий сувинерийг дурсгав. 

Ирэх долоо хоног буюу дөрөвдүгээр сарын 05-ны  Бямба гарагт 11:00 цагаас Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан

Дөрөвдүгээр сарын 06-ны ням гарагт 13:00 цагаас Сүхбаатар аймгийн Онгон сумын 100 жил, Улсын өсөх идэр харцага Дахын Одсүрэнгийн нэрэмжит улс аймгийн цолтой 128 бөхийн барилдаан тус тус болно. 

Эх сурвалж: МҮБХ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.