ДЭМБ-ын Ерөнхийлөгч Тедрос Гебрейсусыг огцруулах уриалгад 720 мянган хүн нэгджээ

ДЭМБ-ын Ерөнхийлөгч Тедрос Гебрейсусыг огцруулах уриалгад 720 мянган хүн нэгджээ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхийлөгч Тедрос Гебрейсусыг огцруулах уриалга интернет сүлжээнд өрнөж, 720 мянган хүн нэгджээ. Америкийн “Чэнж-орг” гэдэг цахим хуудсанд өрнүүлсэн энэ уриалга Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхийлөгчийг “Албан үүрэгтээ тохирохгүй хүн. Бид түүнийг нэн даруй огцрохыг шаардаж байна” гэсэн байна. Одоогоор үүнд 720 орчим мянган хүн нэгдэж дэмжээд байна. Ингэхдээ “Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхийлөгч Тедрос Гебрейсус, анх Хятадад дэгдсэн коронавирусний халдварыг богино хугацаанд, тодруулбал, нэгдүгээр сарын сүүлч гэхэд дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудал хэмээн тодорхойлж чадаагүй” гэдэг үндэслэл гаргаад байна.

Энэхүү шаардлага, уриалгаар Тедрос Гебрейсус тухайн үед Хятадад гарсан халдварын цар хүрээ, нас баралтын тоог бие даасан шинжээчдийн баг илгээн тогтоохын оронд тухай үед тоог дарж байсан Хятадын Засгийн газрын мэдээлэлд л тулуурласан гэсэн байна.

Цахим уриалгатай холбоотойгоор Япон улсын Сангийн сайд Таро Асо “Олон хүн ДЭМБ-ыг нэрээ өөрчилж Хятадын эрүүл мэндийн байгууллага болгох хэрэгтэй гэж бодож байгаагаас болоод огцруулах ийм уриалга гарч байна” гэж ярьсныг хэвлэлүүд онцолж байна.

Өнөөдрийн байдлаар 1 сая 300 орчим мянган хүн коронавирусний халдвартай, 72 мянган хүн нас барсан гэж ДЭМБ мэдээлж байгаа бол, олон улсын статистик гаргадаг "Ворлд-О-метер" болон Жон Хопкинсын их сургуулийн мэдээгээр 1 сая 400 гаруй мянган халдвар бүртгэгдэж, 82 мянган хүн эндэж, 300 мянга гаруй нь эдгэсэн байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.