Энэтхэг улсад суугаа монголчууд Ерөнхий сайдад хандлаа

Энэтхэг улсад суугаа монголчууд Ерөнхий сайдад хандлаа

Дэлхий нийтэд тархсан “Ковид 19” өвчний халдварын улмаас гадаад орнуудад суугаа Монголчууд эх орондоо ирсээр байна. Монгол Улсын Засгийн газраас БНСУ, Япон, Герман, Турк улсад суугаа иргэдээ тусгай нислэгээр авч буй юм. Мөн АНУ, Энэтхэг, Австрали зэрэг манай улсын иргэд олноор суурьшсан орноос ирэх хүсэлтэй иргэд олон бий.

Коронавирусийн халдварын улмаас Бүгд найрамдах Энэтхэг улсаас эх орондоо ирэх боломжгүй болоод байгаа монгол иргэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нарт хандан хүсэлт ирүүлсэн байна.

Энэтхэг улсад суугаа иргэд хүсэлтдээ “Энэтхэг улсад байгаа монголчууд бол коронавируст халдварын үеэр дэлхийн өнцөг булан бүрт хүнд нөхцөл байдалд байгаа олон монголчуудын л нэг хэсэг нь юм гэдгийг хэлэх нь зүйтэй. Энд эмчилгээ хагалгаанд ирсэн, тэднийг асран халамжилж байгаа, ахмад настай, нялх нярай хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, шашны ном үзэж байгаа хүүхэд багачууд, лам хувраг, хувиараа болон Энэтхэгийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан урт болон богино хугацаагаар суралцаж байгаа оюутан залуус, төрийн албан хаагчид, түр хугацаагаар зорчиж явсан гээд олон төрлийн шалтгаан, нөхцөлтэй хүмүүс бий.
Бид өдөр тутамдаа ялгаварлан гадуурхалд өртөх, халдлага дайралтын золиос болох, сэтгэл санааны хохирол амсах, хоол хүнсний хомсдолд орох, өвчин тахлын халдвар авах эрсдэл, мөнгө санхүү дуусах, орон байр олдохгүй байх гээд олон бэрхшээлтэй тулгарч байгаа хэдий ч улс эх орон маань удахгүй иргэдээ авна гэсэн итгэлээр асуудал эрсдэлийг даван туулж байна. Хэдий тийм боловч тус улсад ирээдүйд бодитой нүүрлэж болох дараах хэд хэдэн аюул гамшгаас энд байгаа хүн бүр өдөр ирэх тусам түгшиж, улс орон, төр засгийнхаа шийдвэрийг хүлээж байгаа учраас ийнхүү ахин дахин хандаж байгаа учиртайг ойлгуулахыг хүсэж байна” гэжээ.

“ТӨР ЗАСГИЙН ШИЙДВЭРИЙГ ИТГЭЛ ТАВИН ТУУШТАЙ ХҮЛЭЭЖ БАЙНА”

Цахим орчинд Энэтхэгт улсад суугаа Монгол иргэд санал хүсэлтээ бичсээр байна.

Энэтхэгт суугаа Монгол Улсын иргэн Б “Хоёр ойтой охиныхоо зүрхний өвчнийг монголд эмчлүүлэх боломжгүй гэсэн мэдээ сонсож, охиноо эрүүл саруул, инээж байхыг харахыг хүссэн эх хүний сэтгэлээр нөхөр бид хоёр Энэтхэг улсыг зорьсон. Охины маань хагалгаа 2020.02.21-нд амжилттай болж удалгүй эмнэлгээс гаран буудалд байрлан буудлаас эмнэлэг дээр ирж боолт хийлгэдэг байлаа. Охиныхоо боолтыг хийлгэх гэж яваад 2020.03.06-нд халдлагад өртөж хүний газар учраа мэдэхгүй тэвдэж явахад Элчин консул Л.Батсуурь, Элчин сайд Г.Ганболд нар туслалцаа үзүүлж Энэтхэгийн цагдаагийн хэлтэстэй хамтран ажиллаж айх аюулгүйгээр
охиноо ч амжилттай эмчлүүлж баяр хөөртэй, сайхан мэдээтэйгээр эх орондоо очихоор гуравдугаар сарын 11-ны өдөр онгоцны буудал дээр очтол “Монгол Улсын хил хаасан, та явах боломжгүй” гэсэн таагүй мэдээ сонсож яах ч аргагүй харийн оронд үлдэхээр болсон. Газар мэдэхгүй, хэл ойлгохгүй, хүнд хагалгаанд ороод удаагүй нялх хүүхэдтэй, хадгалж хуримтлуулсан болон нутгийн олныхоо сэтгэлийн хандивыг бүгдийг охиныхоо эмчилгээнд зарцуулчихсан учир хэцүүхэн болоод хүндхэн өдрүүд эхэлж байлаа. Ингээд ахиад л ЭСЯ руугаа хандлаа. Энэтхэг улс дахь Монгол Улсын ЭСЯ-д агаарын хил хаагдсанаас хүндрэл үүссэн анхны иргэд нь болж бүртгүүлэв. Элчин сайд Г. Ганболд, Элчин консул Л.Батсуурь нар зөвлөлдөөд биднийг ЭСЯ-д байрлуулсан. Энэтхэгт байдал хүндэрч нам гүм байсан өвчлөлийн тоо өдрөөс өдөрт ихсэж, хамаг юмаа хааж хөл хорио тогтоолоо. ЭСЯ амралтын өдөр гэхгүйгээр ээлж гарган эх орон руугаа буцах хүсэлтэй иргэдээ бүртгэн авч байна.

Монгол Улсаас Энэтхэгт ирсэн иргэдийн дийлэнх хувь нь бидэнтэй адил эмчлүүлэхээр ирсэн хүнд өвчтөн, эмчилгээндээ ороод удаагүй эмчлүүлэгч гээд нэн шаардлагатай асаргаа сувилгаа хэрэгтэй хүмүүс байгаа бөгөөд тэд зөвхөн өнөө маргаашийнхаа хоолонд санаа зовж, байгаа газраасаа хөөгдчихгүй,өвчин тусчихгүй халдлагад өртчихгүй юмсан гэсэн сэтгэл түгшээсэн асуудлуудтайгаар өөрийн улсын төр засгийн шийдвэрийг итгэл тавин тууштай хүлээж сууна” гэсэн байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.