БНСУ-ын BTS хамтлагийн тоглолтуудыг кино театруудаар шууд дамжуулна

БНСУ-ын BTS хамтлагийн  тоглолтуудыг кино театруудаар шууд дамжуулна

К-поп ертөнцийн хамгийн алдартай хамтлаг болох BTS  дэлхийг тойрон хийх "Arirang" хэмээх шинэ аялан тоглолтынхоо нээлтийг БНСУ болон дэлхийн улс орнуудын кино театруудаар шууд дамжуулахаар болсон тухай тус хамтлагийн "BigHit Music" агентлаг мэдэгдлээ.

Сөүл хотоос баруун хойд зүгт орших Гоян хотод энэ оны дөрөвдүгээр сарын 11-нд, Японы Токио хотод дөрөвдүгээр сарын 18-нд болох тоглолтуудыг дэлхийн 75 улсын 3 500 гаруй кино театрт зэрэг үзүүлэх ажээ. Цагийн зөрүүнээс шалтгаалан зарим бүс нутагт бага зэрэг хойшлуулж дамжуулна гэж компани мэдэгджээ.

Өмнөд Солонгост шууд дамжуулалтыг кино театрын томоохон сүлжээнүүд болох CGV, Lotte Cinema, Megabox зохион байгуулах бөгөөд тасалбарын захиалга энэ сарын 25-ны өдрийн 10:00 цагт эхэлнэ. 

Эдгээр тоглолт нь K-pop уран бүтээлчдийн түүхэн дэх хамгийн том аялан тоглолтыг эхлүүлнэ гэж BigHit Music онцолжээ.  Тус хамтлаг нийт 34 хотод 82 тоглолт толилуулах бөгөөд Хойд Америк, Европт болох 41 тоглолтын тасалбар аль хэдийн зарагдаж дууссан, Гоян хот дахь тоглолтуудын тасалбар мөн зарагдаж дуусжээ.

BTS хамтлаг мөн АНУ-ын Тампа хотын Raymond James Stadium, Калифорни муж улсын Stanford Stadium, Арлингтон хотынAT&T Stadium, Германы Мюнхен хотын Allianz Arena зэрэг дэлхийн томоохон цэнгэлдэх хүрээлэнгүүдэд бие даасан тоглолт хийсэн анхны Солонгос хамтлаг болно.Мөн Лондоны хотын Tottenham Hotspur Stadium цэнгэлдэхэд долоодугаар сарын 6, 7-нд хоёр өдөр дараалан нийт 120 мянган үзэгчийн өмнө тоглох бөгөөд энэ нь үзэгчдийн тооны хувьд шинэ дээд амжилт болох юм.

Энэхүү аялан тоглолт нь хамтлагийн тав дахь бүрэн хэмжээний цомог “Arirang”-ын нээлтийн дараа болох бөгөөд цомог гуравдугаар сарын 20-нд худалдаанд гарах юм. Шинэ цомгийн нээлттэй холбогдуулан “BTS The City Arirang Seoul” гэдэг нэртэй соёлын цогц үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөжээ. Хөгжим, медиа арт, хотын инсталляцыг хослуулсан уг үйл ажиллагаа гуравдугаар сарын 20-ноос дөрөвдүгээр сарын 1 хүртэл Сөүл хот даяар болно

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.