Эрүүл мэндийн тогтолцооны шинэчлэлийг хэлэлцэв
МАН-ын Удирдах зөвлөлийн дэргэдэх Эрүүл мэндийн бодлогын хорооноос “Хүн төвтэй эрүүл мэндийн тогтолцоо” нээлттэй хэлэлцүүлгийг Тусгаар тогтнолын ордонд өчигдөр зохион байгууллаа.
ЭМЯ-ны мэдээлснээр, хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын дарга Н.Учрал "Хүн төвтэй эрүүл мэндийн тогтолцоог бий болгоход онцгойлон анхаарч ажиллахдаа “Иргэнээ чөлөөлнө, эмчээ чөлөөлнө, эмнэлгээ чөлөөлнө, тогтолцоогоо чөлөөлнө” гэсэн дөрвөн зүйлд зорих болно. Харин иргэд олон нийтэд “Сэрэмжил, эрт илрүүл, эрт эмчил, байнга хяна” гэсэн зарчмаар ажиллаж, амьдарвал бид эрүүл мэндээ хамгаалж чадна хэмээн уриаллаа.
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн салбартаа гарч буй гол үзүүлэлтээс дурдахдаа эмийн үнийг ил тод мэдээлэх цахим системийг хэрэглээнд нэвтрүүлснээр сүүлийн гурван сард эмийн үнэ өсөөгүй, инфляцад нөлөөлөөгүй гэдгийг онцолсон ба эрт илрүүлгийг илүү оновчтой, төр хувийн хэвшлийн бүхий л байгууллага хийх нөхцөлийг бүрдүүлэн бодит өртөгтэй байх, эрүүл мэндийн салбарын цахимжилт, хийдлийг арилгах, ЭМД-ын сангийн доголдлыг засахад анхааран ажиллаж буй талаар ярив.
Энэхүү хэлэлцүүлгээс гарсан үр дүн, МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгасан эрүүл мэндийн салбарын зүйл заалт, түүний хэрэгжилтийн талаар удахгүй болох намын Бага хурлын II хуралдаанд танилцуулах юм. Мөн хэлэлцүүлэгт оролцогчид хүн төвтэй эрүүл мэндийн тогтолцоог бүрдүүлэхэд хэрхэн анхаарч буй, хууль эрх зүйн орчны шинэчлэл, цаашид хэрэгжүүлэх шийдэл, инновац, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны талаар ярилцаж, салбар, иргэдийн асуултад хариуллаа.
Тус хэлэлцүүлэгт МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учрал болон үе үеийн эрүүл мэндийн дөрвөн сайд, УИХ-ын гишүүд, төр хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын удирдлага, эмч, ажилтнууд оролцов.

Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.