Э.Ижилболд: Иргэдийн анхаарал сулармагц “COVID-19” халдварын тархалт огцом нэмэгдсэн
Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн “Монголын мэдээ” суваг өдөр тутам 17 цагийн мэдээ мэдээлэл, нийтлэл нэвтрүүлгийг эфирт нийлүүлдэг бөгөөд 21 аймаг болон дэлхийн 10 гаруй улсад тусгай сурвалжлагчтай. Тэднээс Бүгд найрамдах Солонгос улсад ажиллаж, амьдарч буй тусгай сурвалжлагч Э.Ижилболдыг “Редакцын зочин” буландаа урьж онлайнаар ярилцлаа.
Ташрамд дуулгахад, энэ сарын эхээр Монгол Улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэл БНСУ-н Ерөнхийлөгчийн ордон буюу Хөх ордонд анх удаа албан ёсоор бүртгэгдэж, хилийн чанад дахь сэтгүүлч Э.Ижилболд чөлөөтэй нэвтрэн орох эрхтэй болсон билээ.
-Юун түрүүн БНСУ-ын Ерөнхийлөгчийн ордон буюу Хөх ордонд Монгол Улсаас анх удаа чөлөөтэй нэвтрэн орох эрхтэй сэтгүүлч болсонд баяр хүргэе?
-Баярлалаа. Ярилцлагын эхэнд танд болон уншигчиддаа энэ өдрийн мэнд хүргэе. Манай хэвлэл мэдээллийн хэрэгсэл анх удаа гадны орны Ерөнхийлөгчийн ордонд албан ёсоор бүртгэгдсэнд баяртай байна. Бид гадны орны Ерөнхийлөгчийн ордонд буй мэдээллийг газар дээрээс нь шууд сурвалжлах боломжтой болж байгаа нь том амжилт гэж ойлгож байгаа.
. Чадлаараа хичээн ажиллах болно.-Та бага ангид байх үеэсээ л сэтгүүлзүйн салбартай холбогдсон юм билээ. Дарханы “Лха” телевизэд хөтлөгчөөр ажиллаж байсан гэсэн?
-Тийм ээ. Хүүхэд байхдаа л сэтгүүлч болохыг хүсэж мөрөөддөг байлаа. Хүүхэд нас маань Дархан-Уул аймагт өнгөрсөн. Дархан хотынхоо “Лха” телевизэд арван жилээ төгстөл ажилласан.
-МУИС-ийн сэтгүүлзүйн анги төгсөөд шууд БНСУ явсан гэсэн. Яагаад ийм шийдвэр гаргав?
-Залуу хүний хувьд илүү их зүйл сурахыг хүссэн. Сэтгүүлч хүн олон талын мэдлэгтэй байх ёстой гэж боддог. Тиймээс Азийн орны, тэр тусмаа Өмнөд Солонгосын сэтгүүлзүйгээс суралцахыг хүссэн. Мөн богино хугацаанд өндөр хөгжилтэй орон болтлоо хөгжсөн БНСУ-ын нууцаас мэдмээр байлаа. Тиймээс л Солонгос орныг сонгож суралцахаар ирсэн.
-БНСУ-ын “Гёнхы” их сургуулийн хэлний бэлтгэлийг дүүргээд “Сооншил” их сургуульд сэтгүүл зүйн магистрын зэргийг хамгаалсан юм билээ. Өмнөд Солонгосын сургуулиудын сэтгүүл зүйн хичээл Монголоос юугаараа ондоо вэ?
-Өмнөд Солонгост оюутнуудыг бие даах чадварт илүү сургадаг. Оюутанд судлах сэдэв өгөхөд дараагийн хичээл дээр тухайн оюутан самбарын өмнө илтгэл хэлэлцүүлнэ. Мэдээж бусад оюутан ч гэсэн тэр сэдвийг судалж асуулт бэлдэж ирсэн байх ёстой. Тиймээс илтгэл хэлэлцүүлж буй оюутан сэдвээ хамгаалахын тулд олон талын судалгаа хийж, бэлдэх шаардлагатай болдог. Мөн хичээл лекц гэхээсээ илүү мэтгэлцээн, асуулт хариулт хэлбэрээр явагддаг учир оюутнуудыг бие даах чадварт илүү сайн сургадаг юм болов уу. Сэтгүүлзүйн хичээлийн хувьд сургуулийн зүгээс оюутнуудад практик дээр ажиллах боломжийг олгож, анги гаргаж өгдөг.
Тухайн ангид камер, гэрэл, монтаж хийх компьютер, жижиг студи гээд бүх л зүйл бий. Тиймээс оюутнууд хичээлийнхээ хажуугаар тэр ангидаа цуглаж, бие биенээсээ суралцах тохиолдол олон.
Зарим багш оюутнуудыг багт хуваагаад, сэдэв өгч, тухайн сэдвийн дагуу бүрэн хэмжээний видео хийлгэдэг. Оюутнууд хоорондоо ярилцаад найруулагч, зураглаач, сэтгүүлчийн үүрэг гүйцэтгэхээр хуваарилагдаад видеогоо хийх жишээтэй. Дараа нь хийсэн бүтээлээ үзүүлэн дүнгээ авна. Ер нь бол хичээл их сонирхолтой явагддаг.
-Та БНСУ-тай холбоотой мэдээ мэдээлэл бэлтгэдэг “Wоlfstudio” сошиал хуудсыг нээгээд удаан хугацаанд ажиллуулж байгаа. Анх энэ хуудсыг нээх болсон нь ажил мэргэжлээс чинь үүдэлтэй юу?
-БНСУ-д манай улсын иргэд хамгийн ихээр сурч, ажиллаж амьдарч байна шүү дээ. Миний хувьд анх 2015 онд энэхүү хуудсаа нээж байлаа. Үндсэн зорилго маань ерөөсөө л Солонгост байгаа монголчууддаа мэдээлэл хүргэх. Энд ирж байгаа хүмүүс тухайн орныхоо талаарх мэдээлэл маш муу харагддаг. Түүнээсээ болж гэмт хэрэгт холбогдох тохиолдол ч цөөнгүй байна.
Жишээ нь бид хүний хөл дээр гишгэчихээд гар барьж уучлалт гуйдаг. Энэ маань ч зуршил болчихсон. Харин Солонгост эмэгтэй хүний хөл дээр гишгэчихээд гараас нь барих юм бол биед нь халдсан хүчирхийлэл болох жишээтэй. Мөн энд олон нийтийн газар, метроны хажууд тамхи татахыг хориглодог. Хэрвээ тамхи татсан тохиолдолд өндөр дүнтэй мөнгөн торгуультай. Энэ мэтчилэн Солонгосын хууль тогтоомж болон шинэ мэдээллүүдийг цаг алдалгүй хүргэх үүднээс нээж байсан.
Харин өнөөдөр 110 мянган дагагчтай, тэр тооны байнгын уншигчтай болсон байна. Дагагчдын дийлэнх хувь нь хилийн чанадад ажиллаж амьдарч байгаа монголчууд маань байгаа. Тэдгээр иргэдийн өгдөг урмаар тэтгэгдэж ажлынхаа хажуугаараа энэ сошиал хуудсаа давхар хөтөлсөөр байна.
-МҮОНРТ-ийн хилийн чанад дахь сэтгүүлч болсон түүхээ хуваалцаач?
-Манай орноос нууцаар оруулж ирсэн үлэг гүрвэлийн ясыг хүлээлгэн өгөх арга хэмжээ 2017 онд БНСУ-н Төв прокурорын газарт болсон. Энэ арга хэмжээг МҮОНРТ-г төлөөлж газар дээрээс сурвалжлан хүргэсэн юм. Түүнээс хойш тогтмол мэдээ, сурвалжилгаа явуулсан. Тэгээд удалгүй хилийн чанад дахь сэтгүүлч шалгаруулах шалгаруулалтад материалаа илгээгээд тэнцсэн. Нэг л мэдэхэд 4 жилийн хугацаа өнгөрсөн байна. Энэ том айлын нэг эд эс болж яваадаа баярладаг. Телевизийн найруулагч, редактор гээд бүх хүмүүс байнга зааж зөвлөдөг. Тиймээс итгэлийг нь алдахгүйн тулд чадахаараа хичээж л явна.
-Өмнөд Солонгос 50 сая хүн амтай. Монгол Улсыг бодвол тэр хэрээрээ 100 дахин их үйл явдал өрнөдөг байх. Таны сурвалжилж, мэдээлэл бэлтгэж байсан санаанаас гардаггүй үйл явдал юу байв?
-БНСУ-ын анхны эмэгтэй Ерөнхийлөгч асан Пак Гын Хэг огцруулахаар иргэд лаатай жагсаал хийж байсан үйл явдал ерөөсөө санаанаас гардаггүй. Иргэд бямба гараг болгон Гуанхуамүн хэмээх талбайдаа цуглаж тайван жагсаал хийнэ. Гадаа цастай хүйтэн ч, бороотой байсан ч шүхрээ бариад л жагсана. Бүр зарим жагсагч бага насны хүүхдээ тэврээд жагсаж байсан. Энэ үйл явдлыг бямба гараг болгон сурвалжилж байлаа. Ер нь Өмнөд Солонгос хүмүүсийг хараад байхад амь нэгтэй, нэгдэж чаддаг юм шиг санагддаг.
-БНСУ-ын телевиз, агентлаг, редакцууд сэтгүүлч нартаа хэр өндөр цалин, хангамж олгодог вэ?
Телевиз, агентлаг, редакц болгоны цалин харилцан адилгүй. Хангамжийн хувьд бол маш сайн. Солонгост сэтгүүлч гэдэг өөрөө маш нэр хүндтэй мэргэжил. Сард 2-3 сая воны цалин авдаг сэтгүүлч байхад 5-10 сая воны цалинтай ч сэтгүүлч бий.
-Өмнөд Солонгост коронавирусний халдвар бүртгэгдсэн цагаас эхлэн та энэ сэдвээр үнэн бодит мэдээллийг Монголдоо шуурхай дамжуулж ирсэн. Одоо байдал харьцангуй тогтворжлоо. Дэргэдээс нь мэдээлж байсан сэтгүүлчийн хувьд дүгнэхэд БНСУ-ын эрх баригчид болон иргэдийн коронавирустэй холбоотой авсан арга хэмжээний алдаа, оноо нь юу байв?
-Коронавирусний халдвар тархалт дөнгөж эхэлж байхад хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр халдварыг эмчилж чадаж байгаа талаар мэдээлэл их цацагдсан. Ингэснээр иргэдийн анхаарал сулрах явдал ажиглагдсан. Тэгээд удалгүй халдварын тархалт огцом нэмэгдэж эхэлсэн.
Засгийн газрын зүгээс халдвар авсан байж болзошгүй иргэдийг бүгдийг нь шинжилгээнд хамруулан халдвар илэрсэн тохиолдолд шууд тусгаарласан. Өдөрт 20-30 мянган хүнд шинжилгээ хийж, халдвартай иргэдийг тусгаарлаж байсан. Эмнэлгийн ор хүрэлцэхгүй, гэрээр тусгаарлахаас өөр аргагүй байдалд ч хүрч байлаа. Ийнхүү халдвартай гэх иргэдийг яаралтай илрүүлж чадсанаар халдварын тархалтыг эрчимтэй багасгаж чадсан гэж бодож байна. Сүүлийн хэдэн өдөр халдварын тархалт 50 дотор л бүртгэгдлээ.
БНСУ-н Засгийн газар, Боловсролын яамны зүгээс халдварын тархалт намжтал сургууль цэцэрлэгийн нээлтийг эхлүүлэхгүй байх арга хэмжээ авч байна. Тиймээс онлайнаар хичээл явуулж эхэлсэн.
-Мэдээ сурвалжилга бэлтгэхийн тулд өөрийгөө хамгийн ихээр эрсдэлд оруулж байсан үе гэвэл ямар үйл явдал вэ?
-Эрсдэл гэхээсээ илүү угаасаа л мэргэжил юм хойно хийхгүй бол болохгүй шүүдээ. Солонгост ганцаараа ажилладаг болохоор камераа бариад л үйл явдал руу дайрна даа.
Ганцаараа юм хойно жолооч, зураглаач, хөтлөгч, орчуулагч, эвлүүлэгч гээд хийхгүй зүйл байхгүй шүү дээ. Заримдаа өөрөө камераа байрлуулчихаад урд нь гараад хөтлөлт хийж байхад хүмүүс гайхаж харах тохиолдол олон таарна.
-Таны хувьд эх орноосоо хол ажиллаж амьдрахын жаргалтай тал, зовлонг хэрхэн нэрлэх вэ?
-Хүний газарт цаг хугацаа маш хурдан өнгөрдөг. Саяхан л ирж байсан мэт боловч нэг л мэдэхэд 10, 20 жил өнгөрчихсөн байх жишээтэй. Хол байхаар гэр бүл, найзуудаасаа л их холдох юм даа. Өдөр болгон утсаар ярьдаг ч, уулзаад инээгээд суух сайхан шүү дээ. Хүнд эх орноос өөр сайхан газар хаа ч байхгүй. Миний хувьд жил болгон эх орон луугаа явчихаад ирэхийг хичээдэг. Монголдоо очихоор уртаар амьсгаа аваад цаанаа л нэг сайхан шүү.
-Одоо хийж буй ажил болон мэргэжлээсээ авдаг хамгийн том сэтгэл ханамж юу вэ?
Хүмүүст үнэн зөв, мэдээллийг цаг тухайд нь хүргэхийг зорьдог. Аливааг шүүмжлэхээс илүү болж бүтэх талаас нь харахыг хүсдэг. Тиймээс хов жив хөөсөн, баримт дутуу гүтгэлэг маягийн мэдээ бэлдэхийг хүсдэггүй. Ямар ч мэдээллийг хоёр талын байр сууринаас хүргэхийг зорьдог. Мэдээлэл өөрөө тэнцвэртэй байх ёстой гэсэн зарчмыг баримталдаг.
Үзэгчид баярлалаа гэж хэлэхээр үнэхээр их урам авдаг. Бэлдсэн мэдээ маань нэг ч гэсэн хүнд хэрэгтэй мэдээлэл болж хүрч чадсанд баярладаг.
-Нууц биш бол ирэх арван жилийн зорилго, төлөвлөгөөгөө дэлгээч?
Миний хувьд аливаа зүйлийг амлахаасаа илүү хийснийхээ дараа үр дүнг ярих дуртай. Ямартай ч цаашдаа улам хичээн ажиллах л зорилготой байна. 10 жилийн дараа дахиад хоёулаа ярилцах ерөөл тавья. Тухайн үед төлөвлөгөө маань биелсэн талаар ярилцах уу.
-Тэгье ээ. БНСУ-д парламентын сонгууль болох гээд зав муутай байгаа хэдий ч манай урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж:http://www.mnb.mn/i/205060
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.