Ким Жөн Ун баримт бичигтэй ажилласан талаар мэдээлжээ

Ким Жөн Ун баримт бичигтэй ажилласан талаар мэдээлжээ

БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ун баримт бичигтэй ажиллахаа үргэлжлүүлж, "Вонсан-Кальма" аялал жуулчлалын цогцолборыг байгуулсан барилгачдад талархлын захидал илгээв гэж тус улсын төв хэвлэл болох “Нодон синмун” сонин өнөө өглөө мэдээлжээ.

“Эрхэм хүндэт дээд удирдагч, нөхөр Ким Жөн Ун "Вонсан-Кальма" эргийн аялал жуулчлалын бүсийг байгуулахад идэвхтэй оролцсон ажилчдад талархал илэрхийлэв” гэж тус сонины нийтлэлд тэмдэглэжээ. Гэхдээ уг нийтлэлд талархлын захидлыг хэдийд илгээснийг тодорхой дурдаагүйгээс гадна, Ким Жөн Уны шинэ зургийг нийтлээгүй байна.

"Вонсан-Кальма" цогцолбор нь Вонсан хотоос холгүй оршдог байна. Ким Жөн Ун одоо энэ хотын ойролцоох өргөөндөө байрлаж байгаа гэж гадаадын зарим хэвлэл мэдээлж байгаа юм. 

БНАСАУ-ын удирдагч дөрөвдүгээр сарын 11-нд Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны улс төрийн товчооны хурлыг даргалан явуулснаас хойш олны өмнө гараагүй юм. Тодруулбал, Ким Жөн Ун дөрөвдүгээр сарын 12-нд болсон Ардын их хурлын жил тутмын ээлжит чуулганд, мөн өвөө Ким Ир Сенийхээ мэндэлсний 108 жилийн ойг тохиолдуулан дөрөвдүгээр сарын 15-нд жил бүр болдог ёслолын ажиллагаанд төрийн эрхэнд гарснаасаа хойш анх удаа оролцоогүй. Үндэсний гол баярын үеэр улс орны удирдагчдын эгнээнд Ким Жөн Ун байхгүй байсан нь түүнийг өвдсөн байж магадгүй гэх цуурхал гарах шалтгаан болсон бөгөөд одоогоор БНАСАУ-ын албаны хүмүүс болон олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд ямар ч тайлбар хийгээгүй байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.