БНАСАУ баллистик пуужин харвах шинэ талбай барьж байна

БНАСАУ баллистик пуужин харвах шинэ талбай барьж байна

БНАСАУ-ын Пёньяны олон улсын нисэх онгоцны буудлын орчимд барьж буй шинэ байгууламжийн барилгын ажил дуусах шатандаа орсон бөгөөд уг байгууламжийг тив хоорондын баллистик пуужин харвахад ашиглаж магадгүй гэж АНУ-ын Стратеги, олон улсын судалгааны төв /CSIS/ мэдээлжээ.

Тус төвийн цахим хуудсанд мэдээлснээр, нисэх онгоцны буудлын өмнөд хэсэгт байрлах уг шинэ байгууламж нь "Умард Солонгосын пуужингийн хөтөлбөрөө хөгжүүлэх хүчин чармайлттай холбоотой байх өндөр магадлалтай байна". Энэхүү байгууламж дээр баригдаж буй дэд бүтэц нь тив хоорондын "Хвасон-15" баллистик пуужин, түүнчлэн Умард Солонгосын мэдэгдэж байгаа бусад баллистик пуужинг байрлуулах боломжтой гэж Америкийн мэргэжилтнүүд үзэж байгаа аж. Ийм дүгнэлтийг CSIS-ийн мэргэжилтнүүд хиймэл дагуулуудаас авсан зургуудад үндэслэн хийсэн байна.

БНАСАУ 2017 оны 11 дүгээр сард АНУ-ын нутаг дэвсгэрт тусах чадалтай, тив хоорондын "Хвасон-15" баллистик пуужин туршсан билээ. Үүнээс хойш ийм ангиллын пуужин дахин харваагүй юм. Шинжээчдийн үзэж байгаагаар, Пёньян Вашингтонтой хийж буй хэлэлцээний уур амьсгалыг эвдэхгүйн тулд ийм алхам хийсэн байна. 2019 онд хоёр улсын хэлэлцээнд онцгой ахиц дэвшил гараагүй бөгөөд өнгөрсөн оны хоёрдугаар сард Ханой хотод хийсэн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нарын хоёр дахь уулзалт мөн амжилтгүй болсон билээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.