Монгол Улсыг шинэчилсэн “Хар жагсаалт”-д багтааж буйгаа Европын комисс мэдэгдлээ

Европын холбоо мөнгө угаах эрсдэлтэй улс орнуудын “Хар жагсаалт”-д Монгол, Барбадос, Ботсвана, Камбож, Гана, Ямайка, Мьянмар, Никарагуа, Зимбабве улсуудыг оруулснаа энэ долоо хоногийн пүрэв гарагт зарлана гэсэн мэдээллийг Reuters нийтэлсэн.
Тэгвэл Европын холбооны мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, хяналт шалгалтыг эрчимжүүлэх үйл ажиллагааг сайжруулахын тулд шинэ бүтэц бүхий байгууллагатай болох саналыг Европын комиссоос холбооны гишүүн улс орнуудын засгийн газруудад хүргүүлсэн байна.
Мөн мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх чиглэлд дутагдалтай орнуудын жагсаалтыг шинэчилж, Багам, Барбадос, Ботсвана, Камбож, Гана, Ямайка, Мавритани, Монгол, Мьянмар, Никарагуа, Панама, Зимбабве зэрэг улсуудыг нэмж буйгаа Европын комиссын зүгээс мэдэгдлээ.
Жагсаалтыг сарын дотор албажуулан батлах бөгөөд ирэх аравдугаар сараас эхлэн мөрдөх аж. Коронавирусний улмаас “Хар жагсаалт” дахь улс орнуудад тавих хяналтыг хэрэгжүүлэх хугацааг аравдугаар сар болгон хойшлуулжээ.
Европын холбооны банк санхүүгийн системд эрсдэл учруулах өндөр эрсдэлтэй гэж үзсэн улс орнуудад тавих хяналтаа улам чангаруулж, эрсдэлийг бууруулна гэж Европын комисс үзэж буй аж. Европын холбооны “Хар жагсаалт”-д өмнө нь Хойд Солонгос, Иран, Афганистан, Ирак, Пакистан, Сири, Йемен, Уганда зэрэг орнууд орсон.
Сүүлийн үед Европын холбооны улс орнуудын томоохон банкуудтай холбоотой дуулиан дэгдсэн нь холбооны нэр хүндэд сөргөөр нөлөөлж буй учраас санхүүгийн систем дэх асуудлаа эмхлэн цэгцлэх шаардлагатай гэж Европын комисс үзэж байна.
Тэгэхээр Европын холбоо ийнхүү эрсдэлээ үнэлж, тооцож буй нь ФАТФ-ын “Саарал жагсаалт”-аас гарч амжаагүй байгаа Монгол Улсыг шинэ “Хар жагсаалт” руу татлаа.
Өчигдөр УИХ-ын чуулганаар Төв банкны удирдлагуудыг томилох үеэр спикер Монгол Улс “Хар жагсаалт”-д орчихлоо гэсэн байр суурийг илэрхийлсэн бол Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Хар жагсаалт”-д орохгүй байх боломж бий гэж мэдэгдсэн.
Тэгвэл Европын комисс Монгол, Панам, Барбадос зэрэг дээр дурдсан орнуудыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх чиглэлд алдаа гаргаж, Холбооны санхүүгийн системд ноцтой аюул учруулж байна гэж үзэж, систем дэх хийдэл цоорхойгоо засаж залруулна гэсэн мэдэгдлийг гаргачихлаа.
Европын комиссын дэд ерөнхийлөгч Валдис Домбровскис "Холбооны санхүүгийн систем дэх бохир мөнгөний урсгалыг бид зогсоох ёстой. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагааг цогц, алын хараатай болгохын тулд бид хамгаалалтаа нэмэгдүүлж байна. Шинэ төлөвлөгөө 12 сарын хугацаанд хэрэгжинэ. Дэлхийн хэмжээнд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэхэд Европын холбоо өөрийн хувь нэмрээ оруулна” гэжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.