Бодлого тодорхойлогчид гаалийн статистик харахаас цаашгүй байна гэв

Бодлого тодорхойлогчид гаалийн статистик харахаас цаашгүй байна гэв

Аль ч улс орны  санхүүгийн чадавхыг олон улсын хэмжээнд төлбөрийн тэнцлийн үзүүлэлтээр дүгнэдэг. Тэгвэл Монгол Улсын  төсөв, төлбөрийн тэнцэл  алдагдалтай байсны  улмаас төгрөгийн ханш суларч, инфляц өсөж, хямралд өртөн хөгжлийн хурдцад сөрөг нөлөөлсөөр  байгааг ахмад эдийн засагчид сануулан хэлж байна. Түүнчлэн шийдэл боломжийг тэд санал болгож буй юм.

Гадагш урсах валютын зардал жилээс жилд нэмэгдэж, төсвийн урсгал зардал өссөөр атал гүйцэтгэх засаглалын түвшинд төлбөрийн тэнцэл хариуцсан бүтэц байхгүй өнөөдрийг хүрснийг сануулж байна.  Үүний улмаас Засгийн газар, УИХ-ын хэмжээнд  хөгжлийн том бага ямарваа асуудлыг шийдвэрлэхэд  төлбөрийн тэнцэлд үзүүлэх нөлөөллийг бодитой тооцож, уялдуулж чадахгүй, валютын ханшийн бодлогод нөлөөлөх чадамжгүй  байгаа нь нэн харамсалтай. Үүнийг яаралтай засаж сайжруулах шаардлагатай. Түүгээр ч үл барам эдийн засгийн гадаад бодлогын нэн чухал хэсэг болох гадаад худалдааны бодлого орхигдож, олон аж ахуйн нэгж, иргэд гадаадын зах зээл дээр хүртэл хоорондоо өрсөлдөж  импортын барааны үнэ өсгөх, экспортын барааны үнэ бууруулах зэргээр худалдааны үр ашиг, өгөөж муутай ажиллаж байна.

Гадаад худалдааны бодлогын асуудал мэргэжлийн бус яаманд хавсарга байдлаар харьяалагдаж, мэргэжилгүй хүмүүс хариуцсан нэр зүүж, Үйлчилгээний гадаад худалдааг хариуцах эзэнгүй байна. Үүний уршгаар гадаад худалдааны ямар ч бодлогогүй, зохицуулалтгүй болсны дээр тарифын бодлогоор зохицуулж үндэсний үйлдвэрлэлээ хамгаалах, ялангуяа импорт орлох үйлдвэрлэл хөгжүүлэх асуудал орхигдож, гадаад зах зээл дээр салбарын яам болгон уялдаа холбоогүй үйл ажиллагаа явуулж байна. Бодлого тодорхойлогчид зөвхөн гаалийн статистик харахаас цаашгүй гадаад худалдаа, төлбөрийн тэнцэлд анхаарахгүй байсаар удаж байна. Төлбөрийн тэнцэл ашигтай бол валютын нөөц нэмэгдэх, төлбөрийн чадвар сайжрах, үндэсний валютын ханш тогтворжих боломж бүрддэг нь аливаа улс орны хөгжлийн нэг зорилго ажээ. Дэлхийн банк, Олон улсын валютын сан, хандивлагч түншүүд  уул уурхайг хөгжүүлэхийн зэрэгцээ, үндэсний үйлдвэрлэлээ нөөц бололцоондоо тулгуурлан хөгжүүлэх, экспортын шинэ эх үүсвэр бий болгоход анхаарахыг манай улсад зөвлөсөөр байгаа. Гэтэл  дэлхийн худалдаанд шинэ дэг тогтож, чөлөөт худалдаа хөгжиж буй үед  манай  улс худалдааны бодлого, зохицуулалтын тухай хуульгүй, тариф-худалдааны  цэгцтэй бодлогогүй, төлбөрийн тэнцлийн асуудал  засгийн газрын түвшинд зангидагдахгүй  явж ирснийг сануулж буй юм. 

zindaa.mn 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.