М.Чингисхаан: Мөрөөдлийнхөө төлөө яваа ардын хүү гишүүн болохыг хэн байг гэхэв

-Чингисхаан гэдэг нэрийг та хэзээ авсан юм бэ. Таныг ингэж дуудах нь зөв үү?
-Чингисхаан гэдэг нэрийг 2018 онд албан ёсоор авсан.
-Эцэг, эхээс өгсөн нэр нь хэн билээ?
-Өмнө нь Баасанжаргал гэдэг нэртэй байсан.
-Гэр бүлийн байдлаа танилцуулахгүй юу?
-Би хоёр эгч, хоёр ахтай. Ээж маань 2011 онд өөд болсон. Аав байдаг. Эхнэр, хүүхэдтэй байсан. Одоо тусдаа амьдраад, гурван жил болж байна. Ганц бие гэж хэлж болно.
-Чингисхаан гэж нэр аваад, лайв хийгээд эхэлсэн мөчид гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээж авсан бэ?
-Гэр бүл эргэн тойрныхон найз нөхөд шигшигдэж холдсон. Хүмүүс шүтдэг шүтээн хааных нь нэрийг нэг туранхай залуу авангуут эвгүйцнэ. Гэхдээ хуулиараа хүн нэг удаа нэрээ солих эрх байна. Тэр эрхээ би тултал ашигласан. Дээр нь яагаад Чингисхаан гэдэг нэрийг авсан бэ гэвэл миний зорилго мөрөөдөл бол Чингис хаан шиг мянганы хүн болох суут өвийг бүтээхийн төлөө юм.
-Аав нь таны энэ шийдвэрийг хэрхэн хүлээж авсан бэ?
-Аав маань нийтийн жишгээр л ханддаг байсан. Харин сүүлийн үед намайг ойлгож эхэлсэн. Нэг хэсэг бүх нийтээрээ миний эсрэг сөрөг хандлагатай байсан бол одоо 60 хувь нь эерэг болж байгаа учраас гэр бүлийнхэн ойлгож эхэлж байна. Аав эхэндээ хүндээр тусгаж авсан. Надад эрхэм зорилго байгаа учраас гэр бүл ах дүү, өөрийнхөө бүх зүйлийг золиод том зүйлийг хийсэн. Тэр ч утгаараа өнөөдөр УИХ-ын гишүүн болохоор горилоод явж байна.
-Та ямар боловсрол эзэмшсэн бэ?
-Бүрэн дунд боловсролтой. Их дээд сургуульд суралцаж байсан ч сургуулиа орхиод телевизэд ажиллаж эхэлсэн. Диплом гэхээсээ илүү сэтгэлийн боловсролтой.
-Ажлын туршлага юу билээ?
-Бүх нийтэд харагдаж эхэлсэн нь 2005 оноос “PR” гэдэг хамтлагт дуулж эхэлсэн. Тухайн үед олны танил болоод уран бүтээл хийгээд явж байсан. 2009 он хүртэл уран бүтээл хийгээд 2010 оноос эхлэн Etv, Star, UBS гэсэн телевизүүдэд дөрвөн жил ажилласан. Энэ хугацаанд найруулагч хөтлөгчөөр ажилласан. Ингээд өөрийнхөө “Цэцэн продакшн” ХХК байгуулаад, европын долоон орны долоон хотоор аялж, “Нислээ буулаа” нэвтрүүлэг хийсэн. Дараа нь 2013 онд Хонконг явж Linkin park хамтлагийн тоглолт үзээд8 гаднын соёлтой танилцаад ирэнгүүт Монголд бүх боломж байгаа юм байна гэдгийг ойлгож эхэлсэн. 2013 оноос Монголоор амьсгалж эхэлсэн гэж хэлж болно.
-М.Чингисхаан ямар учраас УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр болсон юм бэ?
-Би 2015 онд “гэр ухаан” төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Тэр үедээ монгол гэр, монгол соёл гээд шатаж явсан. Тухайд үед өөрийнхөө төслийг бариад санхүүжилт босгохоор явж байхдаа санаагаа алдсан. Маш олон байдлаар хохирсон. Төрийн ганц нэг хүмүүстэй уулзахад харж байгаа харц, харьцаж байгаа хандлага үл тоох маягтай байсан. Ихэнх нь үлгэрийн юм ярилаа гэх хандлагатай байсан. Тиймээс би өв соёлыг үр хойчдоо өвлүүлж үлдээхийн тулд УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр шийдсэн.
-Та нэг бус удаа согтуурсан үедээ лайв хийж, хүмүүсийг хараан зүхэж харагдсан. Энэ бүхний эцэст хүмүүс өөрийг чинь сонгоно гэж бодож байна уу?
-Би өмнө нь найруулагч, жүжигчний мэргэжлээр сурч байсан. Дээр нь маркетинг пиар чиглэлээр сургалтад хамрагдаж байсан. Пиар гэж юу вэ, ухуулга яаж хийх вэ, хүний сэтгэлзүйд нөлөөлөх, тэдний хэлээр ярих тал дээр туршлагатай. Миний үйлдэл хүмүүст ёс бус харагдаж магадгүй. Гэхдээ яг нийгмийн үнэн төрхийг харуулсан нэг төрлийн урлаг юм. Хүмүүс бид архидан согтуурч, хараал хэлж, гэрийнхээ авдар дээр зурагт тавиад үзэж байгаа нь бидний хэрэглээ болсон шдээ. Энэ бүхнийг тэр хэлээр нь ярьж ойлгуулахыг хүссэн. Хүмүүсийн нийгмийн сэтгэлгээ ухамсар өөрөө доройтолд орсон гэдгийг толинд харсан мэт үзүүлэхийг зорьсон.
-УИХ-ын сонгуульд нэр дэвшихэд тань зөвлөж байгаа хүн бий юу?
-Ганц нэг түүхчээс зөвлөгөө авдаг. Гэхдээ ихэвчлэн өөрийгөө л хурцалж явдаг.
-Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэг. Үүнтэй санал нэгдэх үү?
-Надад нууж хаах зүйл байхгүй. Бүх зүйл ил тод байдаг. Би биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдгийн эсрэг байдаг. Бие засах гэдэг нь төлөвшихийг хэлээд байх шиг байна. Би бол төлөвшсөн хүн. Хүн үхэн үхтэл биеэ зассаар байдаг. Үргэлж өөрийгөө голж, засч явдаг. Нийгмийн байдал ийм байгаа үед гэрээ засахад үнэхээр хэцүү. Залуу гэр бүлүүд ипотекийн зээлээр орон сууж, лизингээр машин авч байна. Энэ утгаараа гэр бүлийн салалтад санхүү мөнгөний асуудал голчлон нөлөөлдөг. Нийгэм төрийн тогтолцоо нь буруу байгаа учраас гэрээ засахад үнэхээр хэцүү. Шатыг хүртэл дээрээс нь шүүрдэж цэвэрлэдэгтэй адил бид төрд орж дээрээс нь цэгцэлж байж доороо суудлаа олно. Тэгэхээр төрөө засаад, гэрээ засаад, биеэ засна. Наад захын гэр зассан гэр хорооллыг хар л даа. Хэцүүхэн харагддаг шүү дээ.
-Бие даагчид 801 хүний гарын үсэг цуглуулах ёстой. Одоогийн байдлаар хэдэн хүний гарын үсэг цуглаад байна вэ?
-Одоогоор 300 орчим гарын үсэг цуглаад байна. Гарын үсэг цуглуулахаар гурван хүн байрны гадаа захуудын ойролцоо явж байгаа.
-Хөрөнгө орлогын мэдүүлэг, гарын үсэг гэх мэт 12 төрлийн бичиг баримт бүрдүүлж өгөх ёстой. Одоогоор бичиг баримтаа хэр зэрэг бүрдүүлж байна вэ?
-Бичиг баримт бараг бүрдсэн. Хөрөнгө орлогын мэдүүлгээ тавдугаар сарын 17-19-ний хооронд цахимаар бөглөх юм байна лээ. Тэгэхээр гарын үсгээ цуглуулах үлдээд байна.
-УИХ-ын гишүүн боллоо гэхэд хуралдаа суух дэг журам, хууль санаачлах, батлах талаар хэр мэдлэгтэй вэ?
-Надад энэ талаар судалж мэдсэн зүйл алга. Би аливаа зүйлд дасан зохицох, юмыг хурдан сурах чадвартай. Тэр утгаараа нэр дэвшихийн тулд бүх бичиг баримтаа бүрдүүлээд, бусад нэр дэвшигчдээс түрүүлж байгаа гэж хэлж болно. Аливаа зүйл шат дараатай явж байна. Энэ даваагаа давах юм бол дараа нь хонож өнжөөд ч болтугай суралцаад явахыг хичээх болно. Надад чадвар бол байна.
-Гишүүн боллоо гэхэд та Монгол Улсын төлөө юу хийх вэ?
-Би мөрийн хөтөлбөртөө гурван гол санааг тусгасан. Нэгт, эх дэлхий ч үзэл санаа юм. Өнөөдөр бид шашин төр, нам засгаар хуваагдаад байгааг нэгтгэх зорилготой. Энэ нь эх оронч үзэл биш, үндэсний үзэл ч биш, үндэсэрхэг үзэл ч биш. Эх дэлхийгээ хайрладаг хүн бүхнийг нэгтгэх зорилготой юм. Хоёрт, эв хайрын бодлого буюу гэрийн онол гэж хэлж болно. Гэр дотор гэр бүл байдаг. Аав, ээж, үр хүүхэд ямар үүрэгтэй байдаг юм гэдэг асуудал чинь цаашлаад байгалийн онол, төрийн ухаан, дэлхийн ухаан болоод явчиж байгаа юм. Жижигхэн гэр гэдэг зүйлээс бүх юм задардаг юм байна гэдгийг ойлгосон учраас энэ цагийн хүмүүст ойлгуулаад, ирээдүй хойчид хүргэхийн тулд эв хайрын бодлого хэрэгжүүлэхээр мөрийн хөтөлбөртөө тусгасан. Гуравт, Алтангадас хот байгуулах юм. Ирэх дөрвөн жил Алтангадас хотынхоо шавыг тавих, дэд бүтэц, зохион байгуулалт, хөрөнгө босгох гэх мэт ажлуудаа хийнэ.
-Заавал яагаад УИХ-ын гишүүн болно гэж. Яриад байгаа зүйлсээ уран бүтээлээрээ дамжуулаад, үзэл бодлоо нийтэд хүргэж болохгүй гэж үү?
-Шулуухан хэлэхэд эрх мэдэл хэрэгтэй байна. Өмнө нь хийж үзсэн. Хийгээд явангуут эрх мэдэл байхгүй, мөнгө байхгүй, хүч хүрэхгүй байгаа учраас УИХ-ын гишүүн болохыг хүссэн. УИХ-ын гишүүнээр мөнгө төгрөгтэй хүн нэр дэвшдэг гэсэн буруу ойлголтыг залруулах хэрэгтэй. Бид дараагийн үедээ түүх бүтээж өгөх хүмүүс шүү дээ. Би бол урлагийн хүн биш, төр түмнийхээ төлөө явах ёстой юм байна гэдгээ олж, илрүүлж, шийдвэр гаргасан хүн юм.
-УИХ-ын сонгуульд өрсөлдөхөд багагүй мөнгө хэрэгтэй байх. Санхүүжилтийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ?
-Үнэнийг хэлэхэд ажил хийгээгүй удаж байна. Хааяа нэг халтуур хийх, реклам, сурталчилгаа хийгээд тав арван цаас олдог байсан бол одоо тийм боломж алга. Олон сайхан анд нөхөдтэй учраас тэд маань тав арван цаас боломжоороо шилжүүлээд, ах эгч маань хэдэн цаас өгдөг. Гэхдээ унаа хоолондоо л таарч байна. Өнөөдөр л гэхэд мөрийн хөтөлбөрөө дахин хэвлэх гэхэд мөнгө дутсан. Гэхдээ хэвлэлийн компани маань намайг дэмжээд үнэгүй хэвлэж өглөө. Би бол хэн нэгний халаасны хүн биш. Санал хуваах зорилготой сонгуульд өрсөлдөөгүй. Зөв үнэнээр явж үзэх гэж байна. Сонгууль шударга явагддаг бол мөнгөгүй ч мөрөөдлийнхөө төлөө тэмүүлж яваа бор ардын хүү гишүүн болохыг хэн байг гэхэв.
-Өөрийг тань нэр дэвшинэ гэхээр шүүмжилж байгаа иргэд олон бий. Тэдэнд ямар хариулт өгөх вэ?
-Д.Сүхбаатар жанжин, Ю.Цэдэнбал гээд залуу удирдагчид байсан. Чингис хаан ч гэсэн 27 насандаа хаан суудалд заларч байсан. Гадаадын хөгжингүй улс оронд 34 настай Ерөнхий сайд байжил байна шүү дээ. 20-30 нас бол эх орныхоо төлөө шатаж яваа эртэй бяртай залуусын зүтгэх нас. Гэтэл одоогийн залуус PubG тоглоод, ойр зуурын юм ярьдаг болсон байна. Уг нь бид энэ насан дээрээ улс орныхоо төлөө дуугарч, хөдөлмөрлөж, хөдөлж байх ёстой юм. Миний хувьд үүнийгээ ухамсарлаад явж байгаа. Мэдлэг боловсролын хувьд их дээд сургууль төгссөн, гадаад дотоод явсан хүмүүстэй харьцуулахад дутмаг. Сэтгэлийн боловсрол, ухамсар, сэтгэлгээний хувьд харин ч дээгүүр байгаа. Манай төрд сэтгэлийн боловсролтой хүмүүс дутмаг байна. Тиймээс УИХ-ын босго давна гэдэгт итгэлтэй байна. Сэтгэлгээний боловсролтой хүнд Монгол төрийн босго зөөлөн хандах байх.
zindaa.mn
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.