Хятадад халдварын гурван шинэ тохиолдол илэрчээ

Сүүлийн 24 цагийн хугацаанд БНХАУ-д коронавирусний халдварын гурван шинэ тохиолдол илэрсэн бол зургаан хүн эдгэрч, нас барсан тохиолдол бүртгэгдээгүй гэж тус улсын Эрүүл мэндийн хороо мэдээлжээ.
Шинээр илэрсэн гурван тохиолдол бүгд дотооддоо халдварласан бөгөөд хоёр нь Хятадын зүүн хойд нутгийн Ляонин, нэг нь Зилинь мужид бүртгэгдсэн байна. Тавдугаар сарын 14-ний өглөөний байдлаар, тус улсад халдвар авсан хүний нийт тоо 82 929-т хүрч, 4633 хүн нас барсан бол 78195 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Одоогийн байдлаар 101 хүн эмчилгээ хийлгэж байгаагийн есийнх нь биеийн байдал хүнд байгаа аж.
Өнгөрсөн 24 цагийн байдлаар Хятадад зөөвөрлөгдөн ирсэн тохиолдол бүртгэгдээгүй байна. Коронавирусний халдвар гаднаас орж ирсэн нийтдээ 1692 тохиолдол бүртгэгджээ. Одоогоор халдвар тээж ирсэн 60 хүн эмнэлэгт эмчлүүлж байгаа бол 1632 нь эдгэрсэн байна.
БНХАУ-ын эрх баригчид дөрөвдүгээр сарын 1-нээс халдварын шинж тэмдэггүй өвчлөлийн талаар мэдээлж эхэлсэн билээ. Өнгөрсөн 24 цагийн байдлаар 12 ийм тохиолдол илэрсний нэг нь гаднаас ирсэн байна. Одоогийн байдлаар шинж тэмдэггүй 712 тээгч эмнэлгийн хяналтад байгаа бөгөөд тэдний 36 нь хилийн чанадаас иржээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.