“COVID-19” халдвартай өвчтөнийг тээвэрлэх түргэн тусламжийн автомашинтай болов

БНХАУ, ӨМӨЗО-ы Засгийн ордон, Монголын Улаан загалмайн нийгэмлэгээс “Сөрөг даралтат түргэн тусламжийн автомашин”-ыг Нийслэлийн Түргэн тусламжийн төвд өнөөдөр хүлээлгэн өглөө.
МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа хэлсэн үгэндээ, "БНХАУ-д коронавируст халдвар анх гараад байсан хүнд цаг үед Монголын улаан загалмай нийгэмлэг 20 мянган амны хаалтыг тус улсад хандивлаж байлаа. Эргээд өнөөдөр бид халдварт өвчний үед ашиглах сөрөг даралтат түргэн тусламжийн машиныг хүлээн авч байна. Бид БНХАУ-ын Улаан загалмайн нийгэмлэгтэй нягт хамтран ажилладаг бөгөөд гамшиг, осол хүндрэл бэрхшээл тулгарахад нэгнээ дэмжиж ирсэн. Цаашдаа ч хамтын ажиллагаа үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.
Коронавируст халдвартай өвчтөнийг тээвэрлэх зорилгоор тоноглосон сөрөг даралтат түргэн тусламжийн машин нь 350,000 юанийн өртөгтэй бөгөөд машины доторх орчинг бүрэн халдваргүйжүүлэх зориулалттай, амьсгалын аппарат, зүрхний цахилгаан бичлэгийн 12 сувагтай аппарат, хяналтын дэлгэц зэрэг бусад тоног төхөрөөмжөөр тоногложээ. Мөн машин доторх агаарын даралтыг гадаах агаарын даралтаас бага байлгадаг. Сөрөг даралт нь машин доторх агаарыг нарийн шүүлтүүрээр шүүх бөгөөд халдвартай хүнээс гарах нарийн ширхэгт бичил организмыг халдваргүйжүүлсний дараа машинаас үлээн гаргадаг. Ингэснээр хүнд халдвар дамжихаас сэргийлнэ. Халдварт өвчтэй хүнийг тээвэрлэж байгаа үед эмч болон эмнэлгийн ажилтанд халдвар дамжих эрсдэлийг бууруулдаг онцлогтой юм.
Тус автомашин гардуулах үйл ажиллагаанд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд, МУЗН-ийн ерөнхийлөгч Н.Энхболд, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруй, Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, МУЗН-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн дарга Ц.Пүрэвдаш болон бусад албаны хүмүүс оролцсон юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.