АН-ынхан Э.Бат-Үүл, С.Баярцогт, Н.Алтанхуяг нарыг намаасаа нэр дэвшихийг хүсчээ

АН-ын Үндэсний бодлогын хорооны 15 дугаар хурал үргэлжилж байна. Хуралдаанд тус намын Үндэсний бодлогын хорооны 400 гаруй гишүүн цахимаар оролцож байгаа юм. Тэд өнөөдөр /2020.05.16/ хуульд заасны дагуу УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд намаа төлөөлж өрсөлдөх нэр дэвшигчдээ албан ёсоор тодруулах билээ.
Тэгвэл АН-ын дарга С.Эрдэнэ саяхан намаасаа өрх тусгаарлаад байсан Хотын дарга Э.Бат-Үүл, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Сангийн сайд асан С.Баярцогт нартай уулзжээ. Учир нь, АН-ын дарга С.Эрдэнэ тэднийг бие дааж нэр дэвших бус АН-аас нэр дэвшихийг хүссэн байна.
Энэ талаар Хотын дарга асан Э.Бат-Үүл ярилаа. Тэрбээр "АН-ын дарга С.Эрдэнэ надад болон С.Баярцогт, Н.Алтанхуягт бид гуравт нэгдэж сонгуульд оролцох хүсэлт тавьсан. Тэгэхгүй бол МАН-д ялагдах аюулд орох гээд байна гэдгийг хэлсэн. Хүчний тэнцвэр алдагдах аюул учрах гээд байна гэж С.Эрдэнэ дарга бидэнтэй уулзахдаа ярьсан. МАН, АН хоёрын тэнцвэр алдагдвал Монголын ардчилалд аюул учирна. Ардчилалаа хамгаалахын тулд нэгдэж нийлэх нь зүйтэй гэж үзэж хүсэлтийг хүлээж авсан" хэмээн хэвлэлийнхэнд ярьсан юм.
Уг нь, Хотын дарга асан Э.Бат-Үүл, Сангийн сайд асан С.Баярцогт, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг нар УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд бие дааж нэр дэвшихээр мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлээд байсан билээ. Гэсэн ч АН-ын дарга С.Эрдэнэ тэднийг нэгдэж сонгуульд оролцохыг санал болгосноор тэд намдаа очиж, намаасаа нэр дэвшихээр болсон байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.