Дональд Трампын засаг захиргаа Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад олгодог санхүүжилтээ сэргээхээр төлөвлөжээ.

Дональд Трампын засаг захиргаа Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад олгодог санхүүжилтээ сэргээхээр төлөвлөжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад /ДЭМБ/ олгодог санхүүжилтээ сэргээхээр төлөвлөжээ. Гэхдээ зөвхөн БНХАУ-аас олгодог хэмжээгээр л санхүүжүүлэхээр төлөвлөж байгаа тухай “Fox News” телевиз мэдээлсэн байна.

Тус телевизийн эх сурвалжийн мэдээлснээр, АНУ-ын засаг захиргаа ДЭМБ-д захидал илгээх гэж байгаа аж. Трампын засаг захиргаа ДЭМБ-ыг үргэлжлүүлэн санхүүжүүлэхийг зөвшөөрч байгаа боловч Хятад улсын олгож буй хэмжээгээр л санхүүжүүлнэ гэж уг захидалд дурджээ.

Энэ нь АНУ-ын оруулдаг хувь нэмэр хэд дахин буурна гэсэн үг юм. Захидалд мөн “хэрэв БНХАУ ДЭМБ-д олгодог санхүүжилтээ нэмэгдүүлбэл Америкийн тал тийм хэмжээнд нэмэгдүүлэх боломжийг хэлэлцэнэ” гэдгийг дурджээ. Түүнчлэн ДЭМБ-д дутагдалтай талууд байгаа боловч “асар их боломж бий” гэдгийг тэмдэглэсэн байна. Үүнээс гадна, тус байгууллагыг шинэчилж, удирдлагыг нь "улс төрийн дарамт шахалтаас" ангид байлгах ёстой гэж цохон тэмдэглэжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп тус улсаас ДЭМБ-д олгодог санхүүжилтийг зогсоож буйг дөрөвдүгээр сард мэдэгдсэн билээ. Коронавирусний цар тахлын эсрэг шуурхай арга хэмжээ авч чадаагүй гэж Трампын засаг захиргаа тус байгууллагыг буруутгасан юм. Үүний зэрэгцээ АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео ДЭМБ-ын санхүүжилтийг сэргээхгүй байж магадгүйг үгүйсгээгүй юм. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.