МАН-ын эвтэй гурав, АН-ын “СЭВ”-тэй гурав, МАХН-ын “АРСЛАН”-гаа дагасан гурав АРХАНГАЙД дэвшинэ

Монгол Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгууль болоход нэг сарын хугацаа үлдээд байна. Өчигдөр буюу бямба гарагт УИХ-ын сонгуульд оролцох улс төрийн нам, эвслүүд нэр дэвшигчдийнхээ нэрсийг хуулийн хугацаанд Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүллээ. Энэ удаагийн сонгуульд аль намаас, ямар нэр дэвшигч нар аль тойрогт нэр дэвшихээр болсныг цувралаар хүргэе.
УИХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрог буюу Архангай аймаг гурван мандаттай. Тус тойрогт МАН 2016 онд нэр дэвшүүлэн ялалт байгуулсан гурван залуугаа дахин илгээжээ. Өнгөрсөн дөрвөн жилийг тоймолбол БСШУС-ын сайд, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, ЗГХЭГ-ын дарга асан, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нар нэгэн цул болж, эв нэгдлийг эрхэмлэн орон нутгийн хөгжлийн төлөө хамтран гар нийлэн ажиллаж чадсан гэж үзсэн тул МАН-ын дарга У.Хүрэлсүх итгэл дүүрэн илгээж байгаа аж.
Харин сөрөг хүчин болох Ардчилсан намаас УИХ-ын гишүүн асан Фортуна буюу Н.Батбаярт мандат олгов. Нэр дэвшигчдийн нэрс гарах хүртэл түүний охин Б.Жаргаланг нэр дэвшинэ гэж байсан ч “Охиноо ард нуугдсан Фортуна дэвшинэ” гэдгийг намынхан нь хэлж байсан нь үнэн болж таарлаа. УИХ-ын гишүүн асан Н.Батбаярын тухайд Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байх хугацаандаа 2014 онд “Чингис”, “Самурай” бондын санхүүжилтээс эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, төсөвт их хэмжээний хохирол учруулсан хэмээн буруутгагдан 2020 оны нэгдүгээр сарын 20-нд уг хэргийг сэргээн шалгах шийдвэр гарч шалгагдаж байгаа гэдгийг дөрөвдүгээр сарын 8-ны өдөр Улсын ерөнхий прокуророос мэдэгдсэн байдаг. Ардчилсан намаас илгээсэн дараагийн хүн нь хэдхэн хоногийн өмнө Архангай аймгийн Ардчилсан намын даргаар томилогдсон Д.Золжаргал юм. Энэ талаар Архангай аймгийн Ардчилсан намын дарга, Монгол Улсын харцага М.Батжаргал “Өнөөдөр Архангай аймгийн Ардчилсан нам хоёр даргатай боллоо. Миний хувьд аймгийн намын гишүүд болох 10 мянган хүний дэмжлэгээр аймгийн намын хорооны дарга болсон. Гэтэл Эрдэнэ дахин нэг даргатай болголоо. С.Эрдэнийн цүнх баригчийг дарга болгох гэж, нийгмийн даатгалын сангийн луйварчдад үйлчлэх гэж энэ намын төлөө ардчиллын үйл хэрэгт үе удмаараа зүтгээгүй” хэмээн өөрийн цахим хуудаснаа бухимдлаа илэрхийлсэн байдаг. Мөн “Хөх чоно” группын “босс” Ө.Пүрэвбаатарын хүү Мөнхтулга нэр дэвшихээр болжээ. Олны салхинаас Ө.Пүрэвбаатар хүүгээ Архангайд нэр дэвшүүлэхийн тулд 800 сая төгрөг намдаа төлсөн гэдэг яриа чих дэлсэх болов. Магадгүй тус тойрогт мандатаа авч чадаагүй намын гишүүд нь энэ яриаг гаргасан байж мэднэ.
Харин МАХН-аас Монгол Улсын хурц арслан Д.Мөнх-Эрдэнэ нэр дэвшжээ. Монгол төрийн наадамд таван удаа үзүүрлэж, 12 удаа шөвгөрсөн хүчтэн. Монгол Улсын гавьяат тамирчин цолтой. Мөн тус намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж явсан Н.Удвал нутгаа бараадсан байна. Өмнөх сонгуульд нэр дэвшин ялагдал хүлээсэн Б.Ганчимэг энэ удаа дахин даагаа нэхэхээр орж ирлээ. ХҮН-аас их эмч Р.Жаргалмаа, олон улс судлаач Ж.Сандуйжав нарыг илгээсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.