Шатахууны үнэ дахин буурна

Шатахууны хангамж үнэ тарифыг тогтворжуулах, хяналт тавих Үндэсний зөвлөл өнөөдөр хуралдлаа.
Хуралд УУХҮ-ийн сайд бөгөөд зөвлөлийн дарга Д.Сумъяабазар, зөвлөлийн бүрэлдэхүүн болох МҮЭХ, МАОЭНХ, АМГТХЭГ, ШӨХТГ, ЗТЯ, ХЭАХН, Сангийн яам, ТЕГ, МХЕГ, ГЕГ, Шатахуун импортлогч компаниуд зэрэг байгууллагуудын төлөөлөл, МҮЭХ-ны төлөөлөл дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат, ХНБГ-ын дарга М. Нямдаваа нар оролцож дараах шийдвэрүүдийг олонхийн саналаар дэмжин зөвлөмж гаргалаа:
1. Шатахууны хангамж, үнэ тарифыг бууруулах, тогтворжуулах талаар дэлхийн зах зээл дээрх нефтийн үнийн бууралттай холбоотойгоор шатахууныг энэ 5 дугаар сараас дахин бууруулах /ингэхдээ 100 орчим төгрөгөөр бууруулах/, цаашид 6 сарын хугацаанд дэлхийн зах зээл дээр үнэ нь өссөн ч жишиг үнийг тогтвортой барих;
2. 2014 оноос хойш шатахууны жижиглэнгийн үнийн тооцооллын жишиг буюу ААН-үүдын зардлын өртөгийг цалин хөлс, валютын ханшийн өсөлт зэргийг харгалзан литр тутамд дунджаар 5 хүртэл төгрөгөөр нэмэгдүүлэх;
3. Шатахууны үнийг дахин бууруулах болж байгаа тул үүнийг даган өссөн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг бууруулах ажлын баг байгуулахаар боллоо.
Уг хуралд МҮЭХ-ноос суурь үнэ дэлхийн зах зээлийн үнэ тариф буурсантай холбогдуулан 300-400 төгрөгөөр буурсан байгааг дахин бууруулах, стандарт бус гэж нэрлэж буй керосины төрлийн бүтээгдэхүүний наймааг таслан зогсоох, онцгой татвар ногдуулах шаардлагатай байгааг илэрхийлж, иргэд хөдөлмөрчдөөс автомашины эвдрэл гэмтэлтэй холбоотой олон санал шүүмжлэл гарч байгааг онцгой анхааралдаа авахыг хүслээ. Мөн шатахууны үнэ тариф буурсантай холбоотой бусад төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн тооцооллыг гаргаж бууруулах талаар төрийн болон ТББ-ууд хамтран ажиллах саналыг тавьлаа. Түүнчлэн энэхүү салбарт ажиллаж байгаа ажилчдын цалин хөлсийг зохих хэмжээнд нэмэх боломжийг олгох, нефть импортлогч компаниуд салбарынхаа хэлэлцээрээр цалинг тодорхой хэмжээнд нэмэх үүргийг биелүүлэх, цар тархалтын өндөр эрсдэлтэй ШТС-ын ажилчдын хөдөлмөр хамгаалал, цалин хөлсийг сайжруулж ажлын байрыг хамгаалах арга хэмжээ авах шаардлагатай байгааг онцоллоо.
Дээрх асуудлыг зөвлөлийн дарга УУХҮ-ийн сайд Д. Сумъяабазар ААН-үүдад анхааруулж, цалин хөлс ажлын байрыг сайжруулах, хамгаалах арга хэмжээг авахад онцгой анхаарч ажиллах нөхцөлтэйгээр жишиг зардлыг нэмэгдүүлж байгааг дэмжиж байгааг онцолсон юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.