Туркт хөл хорих цаг тогтооно

Туркт хөл хорих цаг тогтооно

Туркийн эрх баригчид коронавирустэй тэмцэх ажлын хүрээнд тавдугаар сарын 23-26-ны өдрүүдэд хөл хорих цаг тогтоохоор болсон байна.

“23, 24, 25 болон 26-нд бүх мужид гэрээсээ гарахыг хориглоно. Түүнчлэн 15 мужийн гарах, орох хөдөлгөөнд тавьсан хоригийг дахин 15 хоногоор сунгаж байна. Тавдугаар сарын 24-ний өдөр 14:00 цагаас 20:00 цаг хүртэл манай улсын 65-аас дээш насны иргэд гудамжинд гарч болно” гэж Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган даваа гарагт ард түмэндээ хандан үг хэлэхдээ мэдэгджээ. Тэрбээр лалын шашинтнуудын Ид аль-Фит /Ураза-Байрам/ баярыг тохиолдуулан хязгаарлалт тогтоож буйг тэмдэглэсэн байна. Үүнээс гадна, Эрдоган Туркийн сүм хийдүүдийг нээхээр болсныг мэдэгджээ.

"Тавдугаар сарын 29-ний өдөр баасан гаргийн залбирлын хамт бид мөргөл үйлдэх шаардлагад нийцсэн сүм хийдүүдийг нээнэ" гэж Туркийн Ерөнхийлөгч хэлэв. Түүний хэлснээр, цэцэрлэгүүд зургаадугаар сарын 15-наас нээгдэх бол сургуулиуд есдүгээр сараас хичээлээ үргэлжлүүлнэ.

Туркт коронавирусний халдварын анхны тохиолдол гуравдугаар сарын 10-нд Европоос нутагтаа ирсэн иргэнээс илэрсэн юм. Одоогийн байдлаар тус улсад халдвар авсан хүний тоо 150 мянга давж, 4170 гаруй хүн нас барсан бол 111 577 хүн эдгэрчээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.