Монголбанкнаас эхний 4 сарын гадаад худалдааны тоймыг танилцууллаа
![Монголбанкнаас эхний 4 сарын гадаад худалдааны тоймыг танилцууллаа](http://olnodo.com/images/5ec747beca0e1.jpg)
Монголбанкнаас эхний 4 сарын гадаад худалдааны тоймыг танилцууллаа. Энэ оны эхний 4 сард манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 31 хувиар буюу 1,318 сая ам.доллараар буурч 2,960 сая ам.доллар болжээ.
Тодруулбал, экспорт 45 хувиар буурч 1,374 сая ам.доллар, импорт 10 хувиар буурч 1,586 сая ам.доллар болов. Худалдааны тэнцэл өнгөрсөн оны мөн үеэс 959 сая ам.доллараар буурч 213 сая ам.долларын алдагдалтай гарчээ.
Валютын төлбөртэй худалдааны тэнцэл 2020 оны эхний 4 сарын гүйцэтгэлээр өнгөрсөн оны мөн үеэс 918 сая ам.доллараар буурч 117 сая ам.долларын алдагдалтай гарсан байна.
Хөрш орнуудтай хийсэн худалдааг авч үзвэл, нийт бараа эргэлтийн 58 хувь буюу 1,727 сая ам.долларын худалдааг БНХАУ-тай, 17 хувь буюу 494 сая ам.долларын худалдааг ОХУ-тай хийжээ. ОХУ-тай хийсэн худалдаа өмнөх оны мөн үеэс 3 хувиар, БНХАУ-тай хийсэн худалдаа 38 хувиар буурчээ.
Экспорт 45 хувиар буурахад уул уурхайн бүтээгдэхүүний экспорт буурсан нь нөлөөлөв
Экспорт 2020 оны эхний 4 сарын гүйцэтгэл өнгөрсөн оны мөн үеэс 45 хувиар буюу 1,138 сая ам.доллараар буурав. Үүнд уул уурхайн бүтээгдэхүүний экспорт буурсан нь нийт экспортыг 40 нэгж хувиар бууруулах чиглэлд нөлөөлөв. Уул уурхайн түүхий эдийн нийт экспортод эзлэх хувь өнгөрсөн оны мөн үеэс 2 нэгж хувиар өссөн бол мал аж ахуйн бүтээгдэхүүний экспортын эзлэх хувь 2.4 нэгж хувиар буурсан байна.
2020 оны эхний 4 сард уул уурхайн бүтээгдэхүүний экспорт тоо хэмжээний өөрчлөлтөөс шалтгаалж 876 сая ам.доллараар,
үнийн өөрчлөлтөөс шалтгаалж 140 сая ам.доллараар буурлаа. Үүнээс чулуун нүүрс, зэсийн баяжмалын экспортын биет хэмжээний өөрчлөлтөөс шалтгаалж 657 сая ам.доллараар, үнийн өөрчлөлтөөс шалтгаалж 185 сая ам.доллараар тус тус буурав. Мал аж ахуйн бүтээгдэхүүний экспортын биет хэмжээний бууралтаас шалтгаалж 48 сая ам.доллараар, үнийн өөрчлөлтөөс шалтгаалан 40 сая ам.доллараар буурсан.
Дэлхийн зах зээл дээрх уул уурхайн түүхий эдийн үнэ Дэлхийн зах зээл дээрх 1 унц алтны дундаж үнэ 2020 оны 4 дүгээр сард 1,686 ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 31%-иар, өмнөх сараас 6%-иар өслөө. “А” зэрэглэлийн цэвэршүүлсэн зэс болон төмрийн хүдрийн дундаж үнэ тайлант сард харгалзан 5,058; 85 ам.долларт хүрч өмнөх оны мөн үетэй харьцуулахад зэс 21%-иар, төмрийн хүдэр 10%-иар буурсан, зэсийн үнэ өмнөх сараас 2%-иар, төмрийн хүдэр 5%-иар буурлаа. Чулуун нүүрсний экспортын хилийн үнэ 4 дүгээр сард 82 ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 6%-иар буурсан бол өмнөх сараас 19% -иар өслөө.
Импорт 10 хувиар буурахад хөрөнгө оруулалт, нефтийн болон хэрэглээний бүтээгдэхүүний бууралт нөлөөлөв
Импорт 2020 оны эхний 4 сарын гүйцэтгэлээр өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 10 хувиар буюу 180 сая ам.доллараар буурав. Импортын 10 нэгж хувийн бууралтийг ерөнхий ангиллаар задалж үзвэл хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний бууралт 5 нэгж хувийг, нефтийн болон хэрэглээний бүтээгдэхүүний бууралт тус бүр 3 нэгж хувийг бүрдүүлж байна.
2020 оны эхний 4 сарын гүйцэтгэлээр хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний импорт 80 сая ам.доллараар, нефтийн бүтээгдэхүүний импорт 61 сая ам.доллараар, хэрэглээний бүтээгдэхүүний импорт 49 сая ам.доллараар буурсан бол аж үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний импорт 10 сая ам.доллараар өссөнөөр нийт импорт 180 сая ам.доллараар буурлаа.
Нефтийн бүтээгдэхүүний импортын хилийн үнэ 2020 оны 4 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 36 хувиар, өмнөх сараас 31 хувиар тус тус буурч тонн тутамд 418 ам.долларт хүрэв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.