МАН , АН-аас томсгосон тойрог дээр өрсөлдөх гишүүд.
Томсгосон тойрог дээр өрсөлдөх нөхөд сулхан хамтрагчтай нь баярлаж, хатуухан хамтрагчтай нь хулчийж явна. Хэдийгээр нэг намаас баг болон өрсөлдөж байгаа ч хүссэн хүсээгүй нэгнийхээ саналыг хуваадаг учраас аргагүй байх. Хоёр том намд нөлөөтэй нэг нь хамтрагчаараа аль болох рейтинг багатай улстөрчийг сонгосон нь ч зарим талдаа харагдана. Ийм учраас тэднийг тойргууд дээр санамсаргүй, тааварлашгүй ялалт, ялагдал зэрэг тосож уулзана. Олон нийтийн хандлага, зарим судалгааны дүнгээс харж байхад орон нутагт ихэнх тойрогт нэг намаас багаараа ялалт байгуулах тухай бодох ч аргагүй, алаг сонголтоор өндөрлөх магадлалтай аж. Баруун зүүн жигүүрт байгаа МАН, АН-аас хүч тэнцүү өрсөлдөгчид нэг тойрогт мэр сэр таарч байгаагаас гадна цэнхэр талаас лидер гэж болохуйц нөхөд шинэ залуу, сулавтар өрсөлдөгчдийг хэргээр багтаа сонгосон бололтой. Энэ нь хүчний харилцаа, нэг суудлаа бодсон нь илт. Тиймээс дор улаан, цэнхэр туг алаглаж мандах тойргуудаас сонирхуулъя.
Баянхонгор
Баянхонгор аймагт МАН-аас УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, “Мөнхийн үсэг” компанийн захирал Б.Батцэцэг нар нэр дэвшин өрсөлдөнө. Энэ гурвын өрсөлдөгч нь АН-аас “Бидон” Д.Ганбат, П.Нүрзэд, А.Адъяасүрэн нар байгаа гэхээр хүчний харилцаа, ялалт, ялагдлын дүр ч аяндаа тодрох аж. Иргэдийн байр суурь, судалгаанаас аваад үзэхэд МАН-ын багаас нэг нь унаж, АН-ын багаас нэг нь орж ирэх хандлага илт байна. Баянхонгор аймгийн АН-ыг сулавтар гэж дүгнэж байгаа ч сүүлийн хэдэн жил бидон тараасан Д.Ганбат 2016 онд өвдөг шороодсон ч бидоноо тарааж, өрсөлдөгчийнхөө эсрэг хар пиарын ном хэвлэн тарааж явсан гэхээр өнгөрөгч дөрвөн жилд огт зүгээр суугаагүй нөхөр. Д.Ганбат Баянхонгортоо нэр муутай ч бохир аргатай хүн. Баянхонгорчууд УИХ-ын даргаа унагаахгүй байх гэж бодоход “Мөнхийн үсэг”-ийн Б.Батцэцэг, “Эм Си Эс”-ийн Л.Элдэв-Очир хоёрын нэг нь хүссэн хүсээгүй тахимаа өгөхөөс өөр аргагүй байдалд хүрч болзошгүй. Баянхонгорт гуравдагчдын орон зайд МАН, АН аль алинаас нь төдийлөн санал хуваах хэмжээнд өрсөлдөгч байхгүй гэж болно. Тэгэхээр МАН, АН хоёрын дунд л гол тулаан өрнөнө.
Архангай
Архангай аймагт МАН-аас Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн нар байгаа бол АН-аас Булган уулын савдаг ч гэх болсон Н.Батбаяр, Д.Золжаргал, П.Мөнхтулга нар МАН-ын гуравтай хүч үзнэ гэхээр МАН-ын багаас нэг нь яах аргагүй жийгдэж үлдэнэ. АН-ын нэр дээрээс босож байгаа Н.Батбаярын хувьд урьд өмнө Архангай аймгаас олон удаа сонгогдсон, танил нөхөр төдийгүй Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа чамгүй хөрөнгө оруулалт хийсэн рейтинг он дамжин хадгалагдаж байгааг мартаж болохгүй. Уул тахиж, ус цалгиаж байгаад ч болов гараад ирэхийг бодох байх. Гэхдээ “Чингис” бондын мөнгөнд гар дүрсэн хэргийн дуулиан өдгөө ч замхраагүй байна. Энэ тойрогт Баянхонгорыг бодоход гуравдагч этгээд буюу санал хуваагчид бий. “Та бидний эвсэл”-ээс Н.Удвал тэргүүтэй өрсөлдөгчид байгаа нь бас чиг санал хуваана, хуваахдаа МАН-ын саналыг хувааж таарна. Үүнээс харахад “Та бидний эвсэл”-ээс ялалт байгуулдаггүй юм гэхэд МАН-ын гурвыг хойш татах хангалттай нөөц байгаа. Өнөөдрийн нөхцөл байдлаас харахад Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын сайдын хувьд рейтингээрээ тэргүүлэхээс аргагүй. Хуучин аймгийнхаа Засаг даргаар ч ажиллаж байсан гээд хамтрагч хоёроосоо давуу тал олонтой учраас айх аюул бага. Архангай бол цэнхэр дэвсгэртэй, болж өгвөл цэнхэр туг хатгах гээд байдаг аймаг. Нөгөө талд саналын маш их савлагаа үүсдэг. Монгол Улсын түүхэнд С.Төмөр-Очир, Р.Гончигдорж гээд хоёр ч УИХ-ын даргыг унагаагаад явуулж байсан тойрог гэхээр итгэх аргагүй. Тэр тусмаа улаан талд мөрий тавихад дэндүү эртэднэ. Магадгүй улаан талд далд зодоон өрнөж, гуравдагчдын саналтай хавсайдахаар цэнхэр тал нь илүүрхэж мэднэ. Тэгэхээр улаан талаас хоёр ч суудал гээгдэж үлдэх магадлалтай харагдана.
Хэнтий
Дээрх хоёр тойргоос гадна Хэнтий аймаг гэж хаашаа ч үгүй халз тулалдах тойрог бий. МАН-аас улсдаа рейтинг өндөр яваа гэх Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ гэсэн хучтэй өрсөлдөгчид байгаа. Өдгөө төрд ямар нэгэн эрэмбэ дараалал эдлээгүй ч хүчтэй өрсөлдөгчид АН-аас очно. Хотын дарга Э.Бат-Үүл, Хэнтий аймгийн Засаг дарга асан Ж.Оюунбаатар, АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн Т.Пүрэвхатан нар бий. Энэ тойргоос ч МАН-ын багаас нэг нь чирэгдэж үлдэнэ. Аймгийн Засаг даргаар ажиллаж, өнгөрөгч хугацаанд тойрогтоо анхаарал хандуулж байсан Ж.Оюунбаатарыг хүчтэй өрсөлдөгчид тооцохоос аргагүй. Магадгүй, аймагтаа Л.Оюун-Эрдэнээсээ ч илүү дотно дүр байж болох юм. Нөгөө талаас Улсын баатар Э.Бат-Үүл нэр муутай ч түүнийг хэн амны бөх гэх юм. Тэр тусмаа МАН-ыг коммунист хэмээн ясны дургүй буриад зоны суугуул сумд олон. Мөн Монгол Улсын хэмжээнд үнэлэгдэх нэрт зохиолч С.Эрдэнийн хүү, буриадын цус гүйж байгаа буурал өвгөн. Тэр өөрөө ямар тактикаар хэрхэн тоглохоо ч мэдэж байгаа. Үүл баатрын нэг сөрөг зүйл нь гэвэл ардчилагчийн дүрд хэтэрхий ордог. Орохоороо хаа байсан хөшөө чулуунд уураа гаргаж, хэнийг хамаагүй, сүнс ч харааж чаддаг хүн. Энэ мэт зургаас харахад МАН-ын баг сарнина. Хэнтийчүүд улсдаа өндөр рейтингтэй яваа Ерөнхий сайдаа унагаахгүй байх. МАН-ын суурь рейтинг ч өндөр байгаа учраас айх зүйл алга. Чухам нэртэй бөх, залуу улстөрч хоёрынхоо алийг нь дэмжиж, алийг нь унагаах нь тэр өдрийн тэнгэр мэдэх хэрэг. Тус тойрогт гуравдагчдын орон зайнаас ч үймээн дэгдэнэ. “Та бидний эвсэл”-ээс Хэнтий аймгийн Засаг дарга асан С.Жаргал нарын гурван нөхөр байгаа бол бие даагчдаас Хөдөлмөрийн баатар, олимпын аварга Д.Баатаржав, зураач яруу найрагч Б.Одгэрэл гээд богино зайны үймээн дэгдээгчид байгаа нь ч аль аль талын саналд нөлөөлөл үзүүлж таарна.
Хөвсгөл
Мөн цэнхэр дэвсгэртэй, ардчиллын өлгий хэмээн цоллуулах Хөвсгөл аймагт алагтай булагтай сонгууль болно. Айсуй өрсөлдөөнд МАН-аас тус аймагт Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар нар байгаа бол цэнхэр талаас алдарт Да.Ганболд, нэрт хуульч Чимэд агсны хүү Ч.Батцогт, Б.Баярмаа нар өрсөлдөнө. Үнэхээр л ардчиллын өлгий нутаг, түүнийг дэмжигч түмэн юм бол ядахад Да.Ганболдыг гаргаад ирэх магадлал бий. Чимэд агсны хүү ч тодорхой хэмжээнд саналаа авна гэхээр аанай л МАН-ын багаас нэг нь үлдэж таарна. Одоогийн байдлаар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн рейтинг өндөр явж болох юм. Салбарын сайдаар ажиллаж төсөв хөрөнгөнд ойр байсан хүний хувьд тойрогтоо чамгүй хөрөнгө оруулалт татсан байх. Үүнээс гадна сонгогчдын саналын нэгэн цөм болох Морин спорт уяачдынхаа холбоотой ч их ойр ажиллаж гээд нөгөө хоёроосоо давуу тал олонтой. Өнгөрөгч сонгуулийн дүнгээс харахад Л.Мөнхбаатар жижиг тойрог, хэдхэн сумаас өчүүхэн саналын давуугаар УИХ-ын босго давсан. Том тойрог дээр үрэгдэж үлдэх хамгийн магадлалтай хүн бол Л.Мөнхбаатар. Иргэдийн байр суурь зарим судалгаанаас харж байхад түүний рейтинг ч тийм ч сайнгүй. Ц.Даваасүрэн хол тасрахгүй ч нөгөө хоёроосоо хошуу өлгөөд гарлаа гэхэд “Эм Си Эс”-ийн Л.Энх-Амгалан, Л.Мөнхбаатар хоёрын хэн нь үлдэх вэ гэдэг асуудал Хөвсгөл аймагт тэднийг хүлээж буй.
Увс
Улаан талдаа явж ирсэн ч хааяа цэнхэр туг хатгадаг Увс аймагт МАН-аас Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн нар бий. Тэгвэл АН-аас дуучин С.Жавхлан, “Тэсо” О.Цогтгэрэл, Увсын Засаг дарга асан Д.Цэндсүрэн нар гэхээр бас л чамгүй өрсөлдөгчид очно. Өнөөдөр улсын мөнгөний авдрыг эзэгнэж байгаа Ч.Хүрэлбаатар арай ч өвдөг шороодохгүй болов уу. Мөн “Мөнгөөр зоддог” хэмээх Б.Чойжилсүрэн ч унаган аргаа хэрэглэхээр гайгүй байх боломжтой. Харин Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатын хувьд эргэлзээтэй гэхээр АН-аас нэг нөхөр лавтай орж ирнэ. Магадгүй дундын зодоон болбол байдал бүр өөрөөр ч эргэж мэдэх тойрог. Гуравдагчдаас бол айх аюул байхгүй. Төдийлөн өндөр санал хуваагч гэж үгүй. Энэ мэтчилэн цэнхэр улаан туг хослуулан мандуулах тойрог олон байна.
Үргэлжлэл бий https://zindaa.mn/394d
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.