Ипотекийн зээлийн урьдчилгаанд ҮЛ ХӨДЛӨХ хөрөнгө барьцаалж эхэлжээ

Ипотекийн зээлийн урьдчилгаанд ҮЛ ХӨДЛӨХ хөрөнгө барьцаалж эхэлжээ

Монголбанк “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журамд”-д өөрчлөлт оруулан, банкуудтай гэрээ байгуулснаар ипотекийн найман хувийн зээлийн хөтөлбөрийг дахин хэрэгжүүлэхээр болсноо мэдэгдсэн.

УИХ-аас Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, УИХ-ын 2020 оны 32 дугаар тогтоолын дагуу Монголбанк өөрийн эзэмшил дэх ипотекийн зээлээр баталгаажсан бондын үндсэн төлбөрийн эргэн төлөлтийн орлогоор, банкууд Монголбанкнаас олгосон санхүүжилтийн хэмжээнээс багагүй дүнгээр санхүүжилтийг шийдвэрлэж буй юм.

Ингэснээр тавдугаар сараас эхлэн 2020 оныг дуусталх хугацаанд хэрэгжих уг хөтөлбөрийг  Монголбанк, арилжааны банкнаас тус бүр 120 тэрбум, нийт 240 тэрбум төгрөгөөр   санхүүжүүлнэ.

Монголбанкнаас ипотекийн зээлийг бага, дунд орлоготой зорилтот бүлэгт чиглүүлж, хөтөлбөрийг оновчтой хэрэгжүүлэх зорилгоор дараах арга хэмжээг авсан гэж мэдэгдсэн.

Үүнд:

 

  • Монголбанкны эх үүсвэрээр нэг зээлдэгчид олгох зээлийн хэмжээ 100 сая төгрөгөөс дээшгүй байх;
  • Монголбанкны эх үүсвэрээр олгох нийт санхүүжилтийн 25 хувиас доошгүй хувийг орон нутагт орон сууц худалдан авч байгаа иргэдэд олгох;
  • Монголбанкны эх үүсвэрээр зөвхөн шинээр олгох зээлийг санхүүжүүлэх;
  • Монголбанкны эх үүсвэрийн 15 хувийг төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчдад олгох;
  • Үндсэн эсвэл хамтран зээлдэгчийн өмчлөл дэх үл хөдлөх хөрөнгийг урьдчилгаа төлбөрт барьцаалах боломж олгов.

 Монголбанкнаас 2020 оны тавдугаар сараас эхлэн ХААН, Худалдаа хөгжлийн, Голомт, Төрийн, Хас, Улаанбаатар хотын, Богд, Тээвэр хөгжлийн, Кредит, Ариг, Капитрон банкуудад эх үүсвэр хуваарилсан бөгөөд иргэд эдгээр банкуудад хандан ипотекийн найман  хувийн зээл авах боломжтой болжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.