Шүүх Н.Номтойбаярыг СУЛЛАХГҮЙ гэсэн тайлбар хүргүүлжээ

Шүүх Н.Номтойбаярыг СУЛЛАХГҮЙ гэсэн тайлбар хүргүүлжээ

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тавддугаар сарын 28-ны өдөр болж, прокуророос гаргаж өгсөн баримт, хүсэлтийн дагуу Н.Номтойбаярыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар “...Мөрдөгчийг дарамталсан, үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэлээр цагдан хорих шийдвэр гарган, түүнийг 461-р хорих ангид саатуулсан билээ.

Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнөөдөр (2020.06.04) нэр дэвшигч Н.Номтойбаярын өмгөөлөгчид "Түүнийг суллахгүй, 461-р хорих ангид үргэлжүүлэн саатуулна" гэсэн шийдвэр гаргасан талаараа танилцуулжээ. 

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр энэ удаагийн ээлжит сонгуульд Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшиж байгаа. Түүнийг саатуулсны дараа буюу зургаадугаар сарын 2-нд Сонгуулийн ерөнхий хорооноос түүнд нэр дэвшигчийн үнэмлэх олгох шийдвэр гаргаж, аав Б.Нямтайширт нь гардуулж өгсөн байдаг. Энэ үеэр Б.Нямтайшир “Чингэлтэй дүүргийн шүүгч н.Рэнцэнхорол "СЕХ зөвшөөрөл өгөхгүй бол би өөрийн гаргасан шийдвэрээ эргэн харна" гэж шүүх хурал дээрээ хэлсэн юм байна лээ. Нэгэнт нэр  гардан авсан учраас н.Рэнцэнхорол шүүгч өөрийнхөө шийдвэрийг эргэн харах байх гэж найдаж байна. Хэрэв түүнийг улс төрийн зорилгоор суллахгүй бол би эцэг хүний хувьд сонгуулийн үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцох болно. Миний хүүг дэмжсэн, дэмжиж байгаа Хан-Уул дүүргийн иргэд, МАН-ын жирийн гишүүддээ талархал илэрхийлж байна” гэж байр сууриа илэрхийлж байсан билээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.