ХОС ЗҮРХЭЭ ХАМГААЛЪЯ: Чинбаад “Niciton & Friends”, "Аравт" тоглолтыг зориулна
"Sweetymotion” хамтлагийн продюсер, “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин Б.Чинбат болон түүний эхнэр дуучин Ц.Сарнай нар амаргүй цаг үеийг туулж буйг тэдний ойрын эх сурвалжууд мэдээлсэн. Түүнчлэн сонгодог, үндэсний, рок, поп чиглэлийн уран бүтээлч нөхөд нь хүнд өвчинтэй хамтдаа тэмцэж буй хосод туслахаар санаа нэгдэн арга хэмжээ авч эхлээд буй.
Тэгвэл “Sweetymotion” хамтлагийн дуучин Э.Ганболор, Г.Сүндэрмаа нар хоёр найзынхаа талаар дараах зүйлийг бичсэн байна.
Та бүхэндээ шинэ оны мэнд хүргэе!
Шинэ он гарсаар хайрт найзууд Чинбаа, Сарнайгийн минь эрүүл мэндийн асуудалтай холбоотой аян, хандивын тоглолтын ажлууд өрнөөд гадаад дотоод өгөөмөр, нинжин сэтгэлт хүмүүсийн хайраар бялхсан сайхан өдрүүд өнгөрч байна. Нэг ийм тайлбар ч гэх юм уу, мэдээлэл ч гэх үү зүйл бичиж хүргэе гэж бодлоо.
Чинбаа маань 11 сарын сүүлээр элэг шилжүүлэн суулгах хагалгаанд БНСУ-ын Сөүл хотноо орж, түүний гэргий Сарнай найз минь донор болсон нь олон нийтэд бэлхнээ ил болсон билээ.
Чинбаагийн хувьд олон монголчуудын адил нялх балчиртаа шарлаж, эмчлүүлж байхдаа дахин тариурын шар халдаж өвдсөн тэр үеэс л элэг нь гэмтэж эхэлсэн гэдэг. Харин элэгний вирусны эмчилгээ хийлгэж эхэлсэн үе нь бол арав гаруй жилийн өмнөөс бөгөөд өндөр үнэ бүхий эмчилгээ, сувилгааг тэр үеэс эхлэн бараг тасралтгүй хийлгэж АНУ, Монгол Улсад олон сайхан эмчийн асаргаа эмчилгээнд өдий зэрэгтэй явсан билээ. Харамсалтай нь түүний хувьд сайжралыг олсон цаг мөчүүд байсан ч эцсийн дүндээ олон Монголчуудын адилаар элгээ солиулахаас өөр сонголтгүй болсон нь энэ жил юм. Энэ шийдвэрээ МУГЭ Ж.Чинбүрэн болон олон жилийн турш хяналтанд нь явж буй Грандмед эмнэлгийн Сансармаа ахлагчтай эмч нарын үзлэг, зөвлөгөөний дагуу зөвшилцөн гаргасан ба тэдгээр Монголын эмч нарынхаа зөвлөгөөг даган БНСУ-д энэхүү хүнд мэс ажилбарыг хийлгэсэн юм.
Шилжүүлэн суулгалт амжилттай болж, маш өндөр төлбөр мөнгөний хувьд ч өөрсдөөсөө, сайхан сэтгэлт хандивлагчаас мөн зээлээс бүрдэн санаа зоволтгүй болж өнгөрлөө. Харин мэс ажилбарын дараах олон сарын сувилгаа, шинжилгээ, эм тан зэрэг маш чухал зардалыг урьдчилан тооцоолоход бэрх байснаас гадна одоо тулгарч байгаа шиг их хэмжээний байна гэж төсөөлөөгүй нь хоёр найзыг минь санхүүгийн хувьд хүндрэл бэрхшээлтэй тулгарахад нөлөөлжээ. Төлбөр нь цаг хугацаандаа төлөгдөхгүй бол эмчилгээ зогсох хүндхэн байдалтай нүүр тулаад байна. Ийм л учраас тэд ойр дотнын хүмүүсээсээ зөвлөгөө авч, яах ийхээ асууж сурж эрэл хайгуул болсон ба урлагийн гэр бүлийнхэн, ийм зовлон бэрхшээлийг туулж гарсан хүмүүсийн зөвлөсний дагуу найз нөхөд нь хандивын аян өрнүүлээд байгаа билээ.
Хандивын аян нь хоёр хэсгээс бүрдэж байна:
1. Монголын рок попын, сонгодог, үндэсний гээд бүхий л хөгжмийн салбарынхан нэгдэн дэмжиж буй хандивын тоглолт/тун удахгүй өдөр, цаг нь тодорхой болж зарлагдах болно./
2. Чинбаагийн найз нөхөд, гэр бүл, түүнийг дэмжигч, түүний хөгжимд дурлагч гээд хэн хүссэн бүхэн хандив өргөх боломжтой чин сэтгэлийн хандивын данс ажиллаж эхэлсэн. /Хандивын дансны мэдээлэл: Хаан банк 5212071351 Цогтбаяр Сарнай/
Бидний 2 найзын хувьд өөрсдийн мөрөөдөл, дурлаж, тоглож өссөн дуу хөгжмийнхөө төлөө амьдралаа зориулж түүнийхээ үр шимээр, өөрсдийн ариун хөдөлмөрөөр гурван хүүхдээ мөр бүтэн, нэр төртэй өсгөх гэж хичээж буй жирийн нэгэн урлагийн гэр бүлүүдийн нэг билээ. Чинбааг элэгний эмчилгээ хийлгэж эхэлсэнээс хойших сүүлийн арван хэдэн жилд хоёр найзын минь гэр бүл, ах дүү нар чадлын хирээр туслан дэмжиж ирсэн байдаг ба тэд маань ч эрүүл саруул амьдралын хэвшлийг дадал болгон хичээж амьдарч ирсний гэрч нь эргэн тойрныхон нь болох бид билээ. Мөн Чинбааг архи дарс ихээр болон хэтрүүлэн хэрэглэж байсныг харсан үзсэн хүн бидний дунд байхгүй ээ. Ингэж тайлбар хийхийн үндэс нь урлагийн хүмүүсийг хатуу дарс, ундаанд дурлан биеэ үл хайхран явж эрүүл мэндээ хохироодог гэсэн ташаа ойлголтыг няцаах гэсэн санаа юм.
Монгол эмч нарын зөвлөснөөр гадаадад хийлгэсэн элэг шилжүүлэн суулгах ажилбарын дараачийн шатны сувилал, шинжилгээ, удаан хугацааны эмчилгээ, эмийн зардал гээд л багагүй хэмжээний зардлуудыг урлагт хамтран зүтгэж буй анд найз нар нь, Чинбаагийн хөгжимд дуртай хэн бүхний дэмжлэгтэйгээр босгож өгье гэсэн энэ сайхан аяныг баярлан хүлээн авч байгааг нь тэднийхээ өмнөөс уламжлан дамжуулъя.
Танд хэзээ нэгэн цагт тэдний минь хөгжим, дуу хоолой эрч хүч, аз жаргал, ухаарал, гуниг алин нэгнийг мэдрүүлж, таны сэтгэлд ул мөрөө үлдээж байсан бол тэдний минь хөгжмийг үргэлжлүүлэх энэ аянд нэгдэн хандив өргөнө үү хэмээн бид хичээнгүйлэн хүсэж байна. Тэднийг минь мөргөлдөө, залбиралдаа, мааньдаа багтаасан та бүхэндээ, мөн өдийг хүртэл туслан дэмжсэн хүн бүхэнд ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ баярлаж буйгаа илэрхийлье.
Гүнээ хүндэтгэсэн,
Э.Ганболор, Брюссель хот
Г.Сүндэрмаа, Улаанбаатар хот
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.