Бристол дахь хөшөөг нурааж, Лондонд хэдэн арван цагдаа гэмтэв
Тавдугаар сарын 25-ны өдөр АНУ-ын Миннеаполис хотод өнгөт арьстан Жорж Флойд амиа алдсанаас үүдэлтэй арьсны өнгөөр ялгаварлан гадуурхахыг эсэргүүцсэн жагсаал энэ амралтын өдрүүдэд Их Британи, АНУ, Европын янз бүрийн хотод боллоо.
Лондонд эсэргүүцлийн ажиллагаа ерөнхийдөө тайван болж, хэдэн мянган хүн оролцсон байна. Гэсэн хэдий ч бямба гаргийн орой Их Британийн нийслэл хотын төвд орших Даунинг гудамжнаас холгүй болсон жагсаалын үеэр эсэргүүцэгчид болон цагдаагийн ажилтнуудын хооронд мөргөлдөөн болсон юм.
Үүний улмаас 14 цагдаа гэмтжээ. Ингэснээр энэ долоо хоногийн эхээр жагсагчидтай мөргөлдөх үеэр гэмтэж бэртсэн цагдаагийн 13 ажилтныг оруулаад нийт 27 хууль сахиулагч бэртжээ. Үүний зэрэгцээ цагдаа нар маш түрэмгий байсныг жагсагчид ярьж байв.
Лондонд болсон бас нэгэн эсэргүүцлийн жагсаалд оролцогчид хотын баруун өмнөд хэсэгт байрладаг АНУ-ын Элчин сайдын яам руу жагсан явсан байна.
Бристолд болсон эсэргүүцлийн ажиллагааны үеэр жагсагчид 17-р зууны үед боолын алдартай худалдаачин, парламентын гишүүн байсан Эдвард Колстоны хүрэл хөшөөг олсоор татан унагасан байна. Уг хөшөө олон удаа хотынхны дунд үүссэн санал зөрөлдөөний шалтгаан болж байв. Үүний дараа хөшөөг Бристолын гудамжаар чирэн явж буланд хаяжээ.
Их Британийн Дотоод хэргийн сайд Притти Пател хөшөөг нураасныг ичгүүргүй үйлдэл гэжээ. “Энэ бол хүмүүс жагсахаар гарсан шалтгаанаас анхаарлыг сарниулсан нийгмийн эмх журмыг зөрсөн хэрэг” гэж тэрбээр хэлсэн байна.
"Цагдаа нар үүнийг хараа хяналтдаа авч, хууль дүрэм зөрчсөн хүмүүст хариуцлага тооцох арга хэмжээ авах зөв зүйл хийлээ" гэж тэрбээр нэмж хэлжээ. Энэ хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа болохыг хотын цагдаагийн газар өмнө нь мэдэгдсэн аж.
Бристолд болсон эсэргүүцлийн ажиллагаанд нийтдээ 10 мянга орчим хүн оролцсон байна. Үүнтэй адил жагсаал мөн Манчестер, Ноттингем, Вулверхэмптон, Глазго, Эдинбург хотуудад болжээ.
Европт болсон эсэргүүцлийн ажиллагаа
Арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах, цагдаагийн хүчирхийллийг эсэргүүцсэн жагсаал мөн Европт болов.
Испанийн Мадрид хотод олон мянган хүн арьсны өнгөөр ялгаварлахыг эсэргүүцсэн зурагт хуудсууд барин жагссан байна. Эсэргүүцлийн ажиллагаа мөн Копенгаген, Брюссель хотод болжээ. Бельгид болсон жагсаал мөн л эмх замбараагүй байдал болон хувирсан байна. Бельгийн нийслэл хотын төвд байх шүүхийн ордны өмнө арьсны өнгөөр ялгаварлан гадуурхахын эсрэг тайван жагсаал болсон ч үүний дараа Матонг дүрэгт жагсагчид цагдаагийнхантай мөргөлджээ.
Брюсселийн цагдаагийн газрын төлөөлөгчийн мэдэгдсэнээр жагсагчид цагдаагийн машин руу чулуу, лонх шидсэн байна. "Түүнчлэн зарим дэлгүүрүүдийг сүйдэлж, хохирол учруулсан, цагдаагийнхан эмх журам тогтоохоор ажиллаж байна" гэж Брюсселийн цагдаагийн газрын төлөөлөгч Ван Де Кир мэдэгдэв.
Унгарын нийслэл Будапешт хотод жагсагчид цагдаагийн ажилтан Дерек Шовин Жорж Флойдын хүзүүн дээр өвдөглөсөн хугацаатай адил найман минутын турш нэг хөл дээрээ өвдөглөн суусан байна. Үүнтэй адил жагсаал бас Ромд болж, жагсагчид мөн найман минут чимээгүй зогсжээ.
АНУ-д юу болж байна вэ?
АНУ-д африк гаралтай америкчуудыг дэмжих эсэргүүцлийн жагсаал өрнөсөнтэй холбогдуулан авсан аюулгүй байдлын арга хэмжээг сулруулж эхэлсэн байна.
Нью-Йорк хотод долоо хоног гаруй үргэлжилсэн хөл хорих цагийг цуцалсан бол Ерөнхийлөгч Трамп Колумбын тойргоос Үндэсний гвардын цэргүүдийг татах тушаал өгчээ.
АНУ даяар өрнөсөн эсэргүүцлийн ажиллагаа болон эмх замбараагүй байдал нь арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах, цагдаагийн хүчирхийллийг эсэргүүцсэн тайван жагсаал болж хувирсан байна.
Цагдаагийн гарт амь үрэгдсэн Жорж Флойдыг Миннеаполист ирэхээсээ өмнө амьдралынхаа ихэнх хугацааг өнгөрүүлсэн Техас муж улсын Хьюстон хотод мягмар гарагт оршуулна.
Энэ оны 11 дүгээр сард болох ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден Техаст даваа гарагт очиж, талийгаачийн төрөл төрөгсөдтэй уулзан биечлэн эмгэнэл илэрхийлэх аж. Гэхдээ тэрбээр Флойдыг оршуулахад оролцохгүй гэж түүний ахлах зөвлөх Рейтер агентлагт ярилцлага өгөхдөө мэдээлжээ.
Ням гарагт Байден твиттер хуудсандаа АНУ-ын одоогийн Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг зэмлэн буруушаасан байна. Дональд Трамп хэлсэн үгэндээ хүчирхийлэлд өдөөн турхирч, дайсагнал, үзэн ядалтын гал дээр тос нэмж, бид бүхнийг улам талцуулсан гэж Байден бичжээ. Үүнээс хэдхэн цагийн өмнө Трамп Үндэсний гвардын цэргүүд нийслэлээс гарч эхэлж магадгүй, бүх зүйл эмх цэгцтэй болж байна гэж жиргэсэн байна.
Эсэргүүцлийн ажиллагаа эхлэхэд Трамп муж улсуудын захирагч нарыг арга хэмжээ авахгүй бол үймээн самууныг дарахын тулд армийг ашиглана гэж сүрдүүлсэн билээ. Түүний үг Батлан хамгаалахын сайд асан Жим Маттис, Штабуудын дарга нарын нэгдсэн хорооны дарга асан, генерал Колин Пауэлл зэрэг цэргийн өндөр албан тушаалтнуудын шүүмжлэлийг дагуулсан юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.