Тайваниас ХӨСҮТ-д 200 мянган ширхэг амны хаалт хандивлав
Тайванийн Засгийн газраас шинэ төрлийн коронавируст халдварт өвчинтэй тэмцэхэд зориулан Монгол Улсад эмнэлгийн зориулалттай 200 мянган ширхэг амны хаалт хандивлалаа.
ХӨСҮТ-д болсон хандив гардуулах ёслолын үеэр тус төвийн ерөнхий захирал Д.Нямхүү хэлэхдээ, “Амны хаалт бол халдварт өвчнөөс уьрдчилан сэргийлэх хамгийн чухал үр дүнтэй хэрэглэгдэхүүн билээ. Шинэ төрлийн коронавирус нь агаар дуслаар дамжин халдварладаг тул амны хаалт зүүхгүй байх нь туйлын эрсдэлтэй юм” гээд Тайваньд үйлдвэрлэсэн амны хаалт нь нимгэн зузааны хувьд тохиромжтой, зүүхэд эвтэйхэн, эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангасныг хэллээ. Мөн тэрбээр халдварт өвчинтэй тэмцэж буй эмч, ажилтнуудын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарал хандуулж буйд Тайванийн Төлөөлөгчийн газарт талархал илэрхийлсэн юм.
Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө хэлэхдээ, “Тайвань, Монгол орны Засгийн газар халдварт өвчинтэй маш үр дүнтэй тэмцэж байна. Тайвань өдөрт хоёр сая ширхэг хүртэлх тоо хэмжээний амны хаалт үйлдвэрлэх хүчин чадалтай байсан ч энэ оны хоёрдугаар сард Засгийн газар болон хувийн хэвшил хүчээ нэгтгэн, “Амны хаалт үйлдвэрлэх үндэсний баг”-ийг байгуулсан. Ингэснээр амны хаалт үйлдвэрлэх 90 үйлдвэрлэлийн шугам шинээр нээж, өдөрт 20 сая ширхэг амны хаалт үйлдвэрлэж байна. Тайвань амны хаалт үйлдвэрлэх хүчин чадлаараа дэлхийд хоёрдугаарт бичигдэх болсон төдийгүй өнгөрсөн дөрөвдүгээр сараас амны хаалт нэн шаардлагатай байгаа улс орнуудад хандивлаж эхэлсэн. Эдгээр амны хаалт нь эмч, ажилтнуудын эрүүл мэнд, аюулгүй байдлыг сахин хамгаалахад хувь нэмрээ оруулна гэж найдаж байна” гэв.
Тайвань энэ сарын 7-ны байдлаар дөрөв дэх удаагийн коронавируст халдварын далд үеийг амжилттай давж чадсан бөгөөд нийт 56 хоног дараалан Тайванийн дотоодод уг халдварт өвчний тохиолдол бүртгэгдээгүй байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.