Трампын хүү Монголд аялахдаа татвар төлөгчдийн 75 мянган ам.долларыг зарцуулсан гэж буруутгагдав
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын том хүү Трамп Жуниор хүүгийнхээ хамтаар 2019 оны наймдугаар сард Монгол Улсад аялахдаа, аргаль агнасан тухай ProPublica сайт анх мэдээлж байсан. Тэгвэл Трамп Жуниор Монголд аялж, аргаль агнахдаа АНУ-ын татвар төлөгчдийн мөнгө болох 75 мянган ам.доллар зарцуулсан гэх мэдээллийг CNN нийтэлжээ.
Зөвхөн Трамп Жуниор ч биш бусад хүүхдүүд нь ч аавыгаа Ерөнхийлөгчөөр ажиллаж буй хугацаанд аяллын зардлаа татвар төлөгчдийн мөнгөөр төлж барагдуулж байгаа тухай мэдээлжээ. Ингэхдээ нууц албаны хамгаалалтын зардлаас шилжүүлж ашиглах байдлаар зарцуулсан гэв.
Вашингтонд байрладаг Иргэний нийгмийн байгууллагаас дэлгэсэн баримтад Трамп Жуниор Монголд аялсан найман өдрийн хугацаанд нийт 76,859.36 долларын зардал гаргасныг онцолжээ.
Трамп Жуниор ан агнах, загасчлах хоббитой бөгөөд дэлхийн өнцөг булан бүрд очсон зургуудаа нийгмийн сүлжээнд нийтэлдэг нэгэн юм. Тэрбээр ховордсон ан амьтан аргаль агнасны улмаас амьтны эрх хамгаалагчид, байгаль хамгаалагчдаас шүүмжлэл хүлээж байгаа юм.
Сануулахад, БОАЖ-ийн сайд Н.Цэрэнбат “Дональд Трамп Ерөнхийлөгчийн хүү Монголд ирж тусгай ан агнасан. Гэхдээ хууль ёсны дагуу ан агнасан. Аливаа зөвшөөрлийн квот нь гараад тусгай зөвшөөрөл авсан ан хийдэг компаниуд хууль дүрмээ хэрэгжүүлдэг. Хууль бус зүйл байхгүй" хэмээн хэвлэлийнхэнд мэдэгдэж байв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.