МАН-аас нэр дэвшигчдэд МӨНГӨ бус ЁС ЗҮЙН шаардлага тавина

МАН-аас нэр дэвшигчдэд МӨНГӨ бус ЁС ЗҮЙН шаардлага тавина

Улс, эх орны хувь заяаг шийдэж, төрийн эрхийг барьж байгаа эрх баригч нам намаасаа нэр дэвших нэр дэвшигчдэд ямар шаардлага, шалгуур тавихаа олон нийтэд ил тод зарлалаа- 

Дөрвөн жилийн давтамжтай болдог УИХ-ын ээлжит сонгууль болоход хагас жилийн хугацаа л үлдлээ. Хэдийгээр өнөөгийн парламент Сонгуулийн тухай хуулийг баталж, айдгаа авдартаа хийсэн ч "сонгууль" одоо л эхэлж байна. Өөрөөр хэлбэл, энэ өдрүүдэд улс төрийн нам, эвслийн "сонгууль" хөшигний ард ид өрнөж байна. Учир нь, улс төрийн том хийгээд жижиг нам, эвсэл хуульд заасан хугацаандаа хэнийг хаана нэр дэвшүүлэх вэ гэдгээс эхлүүлээд ээлжит сонгуульд ямар арга, тактикаар оролцохоо тодорхой болгох шаардлагатай юм.

Тэгвэл улс төрийн нам, эвслүүд эхнээсээ УИХ-ын ээлжит сонгуульд хэрхэн оролцох нь ил болж эхэллээ.

Жишээ нь, улсын хувь заяаг шийдэж, төрийн эрхийг барьж байгаа эрх баригч нам намаасаа нэр дэвших нэр дэвшигчдэд ямар шаардлага, шалгуур тавихаа олон нийтэд ил тод зарлалаа. Өөрөөр хэлбэл, УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2020.01.09/ ээлжит бусаар хуралдсан юм. Бүлгийн хуралдаанд МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар оролцов. Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх намаасаа нэр дэвших горилогчдод тавих шаардлага, шалгуураа танилцуулжээ.

Тэрбээр намын даргын хувьд намаасаа нэр дэвших нэр дэвшигчдээс нэг ч төгрөгийн хандив авахгүй гэдгээ мэдэгдсэн байна. Түүнчлэн намд хандив өгсөн мөнгөний хэмжээгээр албан тушаал амлахгүй гэдгийг сануулжээ. Харин оронд нь ёс зүйн болон олон нийтийн дундах рейтинг, нэр хүндийн шалгуур тавихаа анхааруулсан байна. Ингэснээр намдаа хандив нэрээр мөнгө амлаж, хариуд нь тойрог горилохоос эхлүүлээд улс төрийн ашиг хонжоо хардаг байсан улс төрийн нам, эвслийн тогтсон жаягийг халж байгаа аж.

Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд У.Хүрэлсүх намынхаа бүлгийн хуралдааны үеэр "Энэ 2020 оны сонгуульд МАН нэр дэвшигчдээс мөнгө, дэнчин гэж авахгүй. Намд мөнгө хандивлаж түүнийхээ хариуд тойрог горилох, улс төрийн ашиг хонжоо хардаг байдлыг бүр мөсөн зогсооно. Зөвхөн өндөр ёс зүйтэй, олон нийтийн итгэл даах хүмүүсийг МАН-аас 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлнэ. Нэр дэвшигчдийг ёс зүйн шалгуур, судалгааны үр дүнд үндэслэн тодруулна. Судалгааны дүнгээр олон нийт дэмжихгүй байгаа нь харагдвал нэр дэвшихгүй байх хэрэгтэй. МАН төрийн бодлого боловсруулах өндөр чадвартай, мэдлэг боловсролтой, ёс зүйтэй хүмүүсийг л УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх болно" гэсэн байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.