Н.Энхбаяр ЭЦСИЙН АРГАА хэрэглэв үү?!

Н.Энхбаяр ЭЦСИЙН АРГАА хэрэглэв үү?!

-Өмнөх сонгуулиудад "Ялтай, ялын хугацаа нь дуусаагүй" гэх шалтгаанаар нэр дэвшиж чадаагүй МАХН-ын дарга Н.Энхбаярын эцсийн найдвар нь Үндсэн хуулийн Цэц болсон байхыг үгүйсгэхгүй-

МАХН-ын дарга Н.Энхбаярт хашиж үзээгүй төрийн өндөр албан тушаал гэж үгүй. Энэ ч утгаараа Н.Энхбаярыг тойрон хүрээлэгсэд нийгмийн бүхий л салбарт шургалан орж, зөвхөн түүний төлөө үгээ хэлж, улстөрждөг байлаа. Гэсэн ч цагийн эрхэнд түүний төлөө амиа өгөхөөс ч буцахгүй явсан нөхөд нь нэг, нэгээрээ холдож, орхиж явсаар өнөөдөр Н.Энхбаяр МАХН-ын дарга гэх "жижигхэн" албан тушаалтай, түүнийгээ гэрчлэх ганцхан модон тамгатайгаа л хоцорчээ.

Хэдийгээр тэр ганц муу тамгатайгаа үлдсэн ч өнгөрсөн хугацаанд дахин парламентын сонгуульд нэр дэвших хүслээ орхисонгүй.

Тэгвэл тэр Үндсэн хуулийн Цэцэд ханджээ.

Шалтгаан нь, 2020 оны УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн зургаадугаар бүлгийн 29 дүгээр зүйлийн 29.8-т "Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно" гэсэн заалтыг тусгаж, баталсантай холбоотой. Яг энэ заалт МАХН-ын дарга Н.Энхбаярын нэр дэвших эрхийг нь хязгаарлаж байгаа юм. Харин түүний Үндсэн хуулийн Цэцэд хандсан явдал нь эрхийг нь хязгаарласан заалтыг няцааж, парламентын сонгуульд нэр дэвших гэсэн санаа гэдэг нь бэлхнээ уншигдана. 

Өөрөөр хэлбэл, олон удаагийн ээлжит сонгуульд "Ялтай, ялын хугацаа нь дуусаагүй" гэх шалтгаанаар нэр дэвшиж чадаагүй МАХН-ын дарга Н.Энхбаярын эцсийн найдвар нь Үндсэн хуулийн Цэц болсон байхыг үгүйсгэхгүй. Тэр шүүхээс ял эдэлсэн хүний сонгогдох эрхийг насаар нь хязгаарлаж, тухайн хүнийг бүх насаар нь яллаж болохгүй гэж үзжээ.

Энэ нь Үндсэн хуулийг зөрчиж байна хэмээн өргөдөлдөө тайлбарлаж, эцсийнхээ найдвартай хамт Үндсэн хуулийн Цэцэд дайлаа. Одоо Үндсэн хуулийн Цэц ямар шийдвэр гаргахыг харах л үлдэж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.