Нэр дэвшигчийг ЦАХИМААР ГУТААН, ДОРОМЖИЛСОН этгээдийг шалгаж эхэллээ

Нэр дэвшигчийг ЦАХИМААР ГУТААН, ДОРОМЖИЛСОН этгээдийг шалгаж эхэллээ

УИХ-ын 2020 оны сонгуульд Төв аймгаас бие даан нэр дэвшигчийг цахим сүлжээнд гутаан доромжилсон гэх гомдол цагдаагийн байгууллагад иржээ. Энэхүү гомдол, мэдээллийн дагуу Төв аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулсан байна. Улмаар нэр дэвшигч Д-ийн нэр хүндийг гутаан доромжилсон, худал мэдээлэл тараасан гэх үндэслэлээр иргэн А гэгчийг холбогдуулан Төв аймгийн цагдаагийн газарт шалгаж эхэлсэн байна.

Цагдаагийн байгууллагын алба хаагчид сонгуулийн сурталчилгаа болон санал авах үед гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүргийг гүйцэтгэж, сонгуулийн хууль зөрчсөн зөрчлийг шалгах ажиллагаа явуулж байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх бүхий байгууллага нь хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас гаргасан зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг амаар, бичгээр болон харилцаа холбооны хэрэгслээр дамжуулан хүлээн авна” гэж мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Гомдол, мэдээллийг бичгээр гаргасан бол гомдол гаргагч эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг, эсхүл шуудангийн хаяг, утасны дугаараа бичиж, гарын үсэг зурсан байна”, мөн 4 дэх хэсэгт “Албан тушаалтан, хуулийн этгээд гомдол, мэдээллийг бичгээр гаргах бөгөөд түүнд холбогдох баримтыг хавсаргаж болно” гэж тус тус хуульчилсан байна.

Түүнчлэн цахим орчинд хүний нэр төрийг гутаан доромжилсон худал мэдээллийг тараасан зөрчлийн үйлдэгдсэн нутаг дэвсгэр тодорхойгүй бол хохирогч хүн, хуулийн этгээд нь уг зөрчлийн үр дагавар илэрсэн газрын харьяалах нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагад гомдол, мэдээлэл гаргах боломжтой.

Хэрэв бусдын нэр хүндийг гутаан доромжилсон, худал мэдээлэл тараасан болох нь тогтоогдвол иргэнийг тав, албан байгууллагыг 50 хүртэлх сая төгрөгөөр торгох хуулийн зохицуулалттай. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.