“Covid 19”-н нөхцөл байдал дэлхий дахинд
Коронавирусээр халдварлавал хүндрэл үүсгэж болзошгүй өвчинтэй 1.7 тэрбум хүн дэлхийд байдаг аж. Өөрөөр хэлбэл дэлхийн хүн амын 22 орчим хувьд нь коронавирусний халдварт өвчин хүндрэл дагуулах аюултай гэсэн үг юм. Энэ тухай “Lancet” сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанд дурджээ. Судалгаанд 188 улс орноос мэдээлэл цуглуулсан байна.
“Улс орнууд хөл хорионы хязгаарлалтуудаа цуцлахын зэрэгцээ хүндээр өвдөж болзошгүй сул биетэй иргэдээ коронавируснээс хамгаалахыг зорьж байна. Бидний тооцоолол хүндээр өвдөх эрсдэлтэй иргэдээ хамгаалах арга хэмжээг боловсруулахад чухал эхлэл болно гэж бид найдаж байна” гэж Лондонгийн эрүүл ахуй, халуун орны анагаах ухааны сургуулийн төлөөлөгч Эндрю Кларк мэдэгджээ.
Дэлхий дахинд коронавирусээр халдварласан хүний тоо 8 сая даваад байгаа билээ. Халдвар зарим тохиолдолд шинж тэмдэггүй илэрч байгаагаас гадна шинжилгээ хийлгээгүй олон хүн байгаа учир дэлхий дахинд нийт халдвар авсан хүний тоо үүнээс ч илүү байж магадгүй юм.
Халдварын тохиолдлуудын 25 орчим хувь нь буюу 2 сая гаруй нь АНУ-д бүртгэгдсэн хэвээр байна. Түүнчлэн АНУ нас баралтын тоогоор нэгдүгээрт тэмдэглэгдэж байна.
Францад эмнэлгийн ажилтнуудыг дэмжсэн жагсаал цуглааны үеэр мөргөлдөөн болжээ
Парис хотод эмнэлгийн ажилтнуудын хөдөлмөрийн нөхцөл байдлыг сайжруулахыг дэмжсэн жагсагчдын эсрэг цагдаа нар нулимс асгаруулагч хий ашиглажээ.
Жагсаал цуглаан мягмар гарагт Франц даяар болж, жагсагчид эмнэлгийн санхүүжилтийг нэмэгдүүлж, эмнэлгийн ажилтнуудын хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулахыг шаардсан байна.
Жагсагчид болон цагдаа нар хоорондын мөргөлдөөн Парис хотын төвд байрладаг “Les Invalides” ордоноос холгүй болжээ. Мөргөлдөөний үеэр 19 цагдаа бэртэж, 20 жагсагч саатуулагдсан байна.
Их Британи “дексаметазон” эмийг хэрэглэнэ
Коронавирустэй тэмцэхэд дексаметазон эмийг хэрэглэх тал дээр Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон тайлбар өгчээ.
"Коронавирустэй тэмцэх хамгийн чухал нээлтийг Их Британийн эрдэмтэд хийсэнд би маш их баяртай бай. Энэ эмийг Үндэсний эрүүл мэндийн газар эмнэлгүүдэд олгоно” гэж тэрбээр мэдэгджээ.
“Дексаметазон” эмийг хэрэглэх нь хиймэл амьсгалын аппарат залгасан өвчтөнүүдийн хувьд нас барах эрсдэлийг 33 хувиар бууруулж байгааг судалгаа харуулсан байна.
Өргөн цар хүрээг хамарсан эмнэлзүйн туршилтаас харахад энэ эм нь өвчтөнүүдийн 75 хувьд нь үр дүнтэй байгаа бөгөөд энэ эмийг үйлдвэрлэхэд хямд тусаж байгааг Оксфордын их сургуулийн профессор Питер Хорнби цохон тэмдэглэжээ.
Их Британи дахь ажилгүйдэл болон Их Британийн хатан хааны нэрэмжит морины уралдаан
Их Британид 3 дугаар сараас хойш цалин авдаг хүний тоо 600 мянга гаруйгаар буурсан тухай Үндэсний статистикийн товчоо мэдээлжээ.
Цалинтай иргэдийн тоо буурах болсон нь цар тахлын хөдөлмөрийн зах зээлд үзүүлж буй нөлөө бөгөөд ажилгүйчүүдийн нөхцөл байдал цаашид улам дордож магадгүй байна гэж статистикийн мэргэжилтэн Жонатан Этоу мэдэгджээ.
Тус улсад улсаас тэтгэмж тэр дундаа ажилгүйдлийн тэтгэмж авч буй хүний тоо 126 хувиар өсөж, 2.8 саяд хүрчээ. Төрөөс иргэдэд дэмжлэг үзүүлэх хөтөлбөр зогсох үед буюу 10 дугаар сард л ажилгүйдлийн бодит дүр зураг тодорхой болно гэж шинжээчид үзэж байна.
Үүнээс гадна уламжлал болгон зохион байгуулагддаг морины уралдаан Их Британийн Аскот хотод эхлээд байгаа хэдий ч коронавирусний цар тахлын улмаас уралдаан үзэгчгүй болж байгаа бөгөөд уралдаанд оролцогчид амны хаалттай байх ёстой аж. Үүнээс гадна уралдаанд Их Британийн хатан хаан II Елизавета сүүлийн 68 жилийн хугацаанд анх удаа хүрэлцэн ирээгүй байна. Таван өдрийн туршид нийт 36 уралдаан болох аж.
“US Open” үзэгчгүй болно
“Covid-19” цар тахал дэгдээд байгаа хэдий ч “US Open” теннисний тэмцээн зохион байгуулагдана гэж Нью-Йорк муж улсын амбан захирагч Эндрю Куомо мэдэгджээ.
Цар тахлын үеэр тэмцээнд оролцохоос болгоомжилж байгаагаа теннисний зарим тамирчин мэдэгдсэн байна.
Гэсэн ч тэмцээнийг зохион байгуулагчид маш болгоомжтой байж, тоглогчид болон бусад хүнийг халдвараас хамгаалахад шаардлагатай бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлэхээ амлажээ.
Тухайлбал, бүх хүнээс шинжилгээ авч, нэмэлт халдваргүйжүүлэлт хийж, хувцас солих өрөөнд шүүгээнүүдийг зайтай байрлуулж байгаа аж. Тийнхүү “US Open” тэмцээн болж өндөрлөснөөс хойш 7 хоногийн дараа Францын нээлттэй тэмцээн эхлэх аж. Уимблдоны тэмцээн энэ жил цуцлагдсан бөгөөд энэ нь сүүлийн 45 жилийн хугацаанд анх удаа тохиож байгаа аж.
Бээжинд дэгдсэн халдварын үр дагавар
Бээжин хотын томоохон бөөний худалдааны төвүүдэн нэгт өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр коронавирусний халдвар дэгджээ. Халдвар “Синьфади” зах дээр дэгдсэн байна. Халдварын дэгдэлтийг эрх баригчид маш ноцтой гэж үзжээ.
Халдварын дэгдэлтийг дарахын тулд эрх баригчид хамгийн шийдэмгий, хатуу алхмуудыг авч хэрэгжүүлэх болно гэж тус улсын Засгийн газрын төлөөлөгч мэдэгдсэн байна.
Түүнчлэн захын зэргэлдээх дүүргүүдийн оршин суугчдыг Бээжин хотоос гарахгүй байхыг эрх
баригчид уриалж, энэ захаар явсан хүмүүсийг өөрийгөө гэртээ тусгаарлах ёстойг цохон тэмдэглэжээ.
Бээжин хотод оршин суугчдыг олноор нь шинжилгээнд хамруулж байна. Түүнчлэн тус хотод дэгдэлтийн шалтгааныг олж тогтоох шинжээчдийн бүлгийг ойрын хугацаанд Хятад руу нэмж илгээнэ гэж ДЭМБ мэдэгджээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.