Н.Номтойбаярын асуудлыг хуулийн хугацаанд хэлэлцэж амжихгүй нь

Н.Номтойбаярын асуудлыг хуулийн хугацаанд хэлэлцэж амжихгүй нь

Улсын ерөнхий прокуророос ирүүлсэн саналын дагуу УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо өнөөдөр /2020.01.17/ хуралдаж, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн боловч гишүүдийн ирц бүрдсэний дараа буюу ирэх долоо хоногт асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж, шийдвэр гаргахаар болжээ.

Учир нь Прокуророос санал ирсэн тохиолдолд Халдашгүй байдлын дэд хороо 48 цагийн дотор асуудлыг хэлэлцэх тухай хуулийн заалт байдаг бөгөөд энэ удаад хуулийг хэрэгжүүлэх боломжгүй болжээ.

Тус хороог УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Ч.Улаан, Ө.Энхтүвшин, Н.Энхболд нарын парламентад хамгийн олон удаа сонгогдсон гишүүд бүрдүүлдэг бөгөөд Ч.Улаан, Д.Лүндээжанцан нар гадаадад томилолттой яваа аж.

Иймд гишүүдийн ирц бүрдсэний дараа асуудлыг хэлэлцэж, санал нэгтэйгээр шийдвэр гаргахаар тохиролцсон байна.

Энэ талаар Халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Нямдорж "Прокурорын саналыг 48 цагийн дотор хэлэлцэж шийдвэрлэнэ гэсэн хуулийн заалт энэ удаад зөрчигдөх нь. Ажлын хоёр өдөрт хэлэлцэх ёстой. Прокуророос нууц гэсэн дардастай бичиг ирсэн болохоор бид дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Хуралдаан хаалттай болсон. Д.Лүндээжанцан гишүүн гадаад явсан гэдгийг мэдэлгүйгээр прокурор бичиг оруулж ирсэн. Ч.Улааны томилолтыг мэдээгүй байсан юм шиг байгаа юм" хэмээн тайлбар өглөө.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хамаарал бүхий этгээдэд зээл авч өгсөн байж болзошгүй хэмээн хуулийн байгууллага шалгаж буй. Мөн Н.Номтойбаяр гишүүн уг асуудлаар хэвлэлийн бага хурал хийхдээ хэргийн нууцыг задруулсан, хэргийг шалгах явцад саад учруулсан хэмээн үзэж ийнхүү бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хүсэлт хүргүүлсэн байна.

УЕП-оос өмнө нь УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат, Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа, Д.Дамба-Очир, Б.Батзориг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д хүргүүлж байсан ч хүлээж аваагүй юм.
 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.