Хятадын эрх баригчид Канадын 2 иргэнийг тагнуулын хэрэгт буруутгажээ

Хятадын эрх баригчид Канадын 2 иргэнийг тагнуулын хэрэгт буруутгажээ

БНХАУ-ын прокурорын газар Канадын иргэн Майкл Ковриг, Майкл Спейвор нарыг тагнуул хийсэн хэрэгт буруутгажээ. Энэ тухай БНХАУ-ын Ардын дээд прокурорын газрын мэдэгдэлд дурджээ.

Ковригийг төрийн нууц агуулсан мэдээллийг цуглуулж, тагнуулын үйл ажиллагааг явуулсан хэрэгт сэжиглэж байгаа бол Спейворыг төрийн нууц агуулсан мэдээллийг хууль бусаар дамжуулсан хэмээн буруутгаж байгаа аж.

Ковригийг буруутгасан прокурорын газрын дүгнэлтийг Бээжин хотын дунд зэрэглэлийн хоёрдугаар шүүхэд шилжүүлжээ. Харин Спэйворын материалыг Даньдун хотын шүүхэд шилжүүлсэн байна.

“Huawei” компанийн санхүү хариуцсан захирал Мэн Ваньжоуг Канадын хууль сахиулах ажилтнууд АНУ-ын хүсэлтээр 12 дугаар сарын 1-нд Ванкувер хотоос баривчилснаас хойш Хятад-Канадын хооронд дипломат маргаан үүссэн юм. Удалгүй Хятадын эрх баригчид Канадын дипломат ажилтан асан, “Олон улсын хямралын бүлэг” төрийн бус байгууллагын ажилтан Майкл Ковригийг баривчилсан бол дараа нь Канадын иргэн Майкл Спэйворыг баривчилсан тухай мэдээлсэн юм. Майкл Спэйвор нь БНАСАУ-д аялуулж, энэ улсад хоккейн тэмцээн зохион байгуулдаг “Paektu Cultural Exchange” олон улсын төрийн бус байгууллагын тэргүүн аж. Канадын иргэдийг Хятадын үндэсний аюулгүй байдалд аюул учруулахуйц үйл ажиллагаа явуулсан гэж буруутгажээ.  Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам мэдэгдэхдээ, Ковриг, Спэйвор нарыг мөрдөн шалгаж байгаа нь Мэн Ваньжоуг саатуулсантай холбоогүй гэжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.