Өнөөдөр Аугаа Эх орны дайн эхэлсэн дурсамж, гашуудлын өдөр

Өнөөдөр Аугаа Эх орны дайн эхэлсэн дурсамж, гашуудлын өдөр

Одоогоос яг 79 жилийн өмнө энэ өдөр нацист Германы цэргүүд ЗСБНХУ-ын хилийг давж, дайн зарлахгүйгээр Киев, Минск, Рига, Севастополь зэрэг Зөвлөлтийн хотууд руу халдан довтолжээ. Энэ өдрийг ОХУ-д Дурсамж, гашуудлын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай.

Дурсамж, гашуудлын өдрийн гол үйл явдал нь Бүх Орос даяар нэг хором дуугаа хураах арга хэмжээ болно. Уг арга хэмжээ Москвагийн цагаар 12 цаг 15 минутад Оросын бүх бүс нутагт нэгэн зэрэг эхэлнэ. Энэ нь ЗСБНХУ-ын гадаад хэргийн ардын комиссар Вячеслав Молотов Зөвлөлтийн ард түмэнд хандан эфирээр үг хэлэхдээ нацист Герман ЗХУ-д халдан довтолсон тухай мэдээлсэн цаг мөч ажээ.

Үүнээс гадна гол арга хэмжээний нэг нь “Дурсамжийн зул” өргөх ажиллагаа бөгөөд уламжлал ёсоор 21-нөөс 22-нд шилжих шөнө болдог. Энэ жил уг арга хэмжээг цөөн хэдэн оролцогчтойгоор зохион байгуулжээ.

Дайн эхэлсэн өдрийн гол арга хэмжээний нэг болох Кремлийн хананы дэргэдэх нэр нь үл мэдэгдэх цэргийн булшны Мөнхийн галд цэцэг өргөх ёслол уламжлалын дагуу болно. Түүнчлэн Москва хот, Москва мужид хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулна. "Поклонная гора" дахь Ялалтын музейд дурсамжийн өдөрт зориулан виртуал үзэсгэлэн, концерт зохион байгуулахаар бэлтгэжээ. 

1996 оны зургадугаар сарын 8-ны өдрийн ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар фашист түрэмгийлэгчдийн эсрэг дайн эхэлсэн энэхүү өдрийг Дурсамж, гашуудлын өдөр болгосон байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.