"Coca-Cola" компани нийгмийн сүлжээнүүд дэх сурталчилгаагаа зогсоожээ
Ундаа үйлдвэрлэгч дэлхийн хамгийн том компани болох “Coca-Cola” “Facebook”-т зарласан бойкоттой холбогдуулан нийгмийн сүлжээнүүд дэх сурталчилгаагаа 30 хоногийн турш зогсоож байгаагаа мэдэгджээ.
Үүнээс өмнө хэд хэдэн компани Facebook болон бусад алдартай нийгмийн сүлжээнд зар сурталчилгаа байрлуулахаа түр зогсоосноо мэдэгдсэн байна. Нийгмийн сүлжээнүүдийн удирдлагууд арьсны өнгөөр ялгаварлан гадуурхсан агуулгатай, төөрөгдүүлсэн мэдээллүүдийг устгах хангалттай арга хэмжээ авахгүй байна гэж тэд үзэж байгаа юм. Энэхүү арга хэмжээг Америкийн нөлөө бүхий хүний эрхийн байгууллагууд дэмжсэн байна.
“Дэлхий дээр арьсны өнгөөр гадуурхагдах газар байх ёсгүй, нийгмийн сүлжээнүүдэд ч арьсны өнгөөр ялгаварлах ёсгүй. Coca-Cola компани дэлхийн бүх нийгмийн сүлжээн дэх төлбөртэй сурталчилгаагаа дор хаяж 30 хоногийн турш зогсоож байна. Энэ хугацаанд бид зар сурталчилгааны бодлогоо өөрчлөх шаардлагатай эсэхийг шийднэ. Манай түншүүд болох нийгмийн сүлжээнүүдээс бид илүү их хариуцлага, ил тод байдлыг хүлээж байна” гэж тус компанийн ерөнхий захирал Жеймс Куинси мэдэгджээ..
АНУ-д сүүлийн долоо хоногуудад арьсны өнгөөр ялгаварлах үзлийг устгах асуудалд онцгой анхаарал хандуулж байгаа юм. Үүний нэг шалтгаан нь тус улсын Миннеаполис хотод Жорж Флойд хэмээх африк гаралтай америк эрэгтэй цагдаа нарын гарт амиа алдсан явдал болсон. Цагдаа нар түүнийг баривчлахдаа боомилох арга хэрэглэж, улмаар уг эрэгтэй эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа нас баржээ. Энэ хэргийн дараа хар арьстнуудын эрхийг хамгаалах эсэргүүцлийн хөдөлгөөн АНУ даяар өрнөсөн билээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.