Нийслэлд нэг стандартын 800 такси үйлчилгээнд гарлаа
Нийслэлд нэгдсэн нэг стандартын ХОТ такси өнөөдрөөс үйлчилгээнд явж эхэллээ. Нэг стандартын гэдэг нь жолооч нар нь мэргэшсэн, үйлчилгээний шаардлага хангасан баталгааттай, нэг см-ийн нарийвчлалаар очих газраа нарийн зааж харуулдаг, төлбөрийг алдаагүй зааж нэг хэмжээгээр гаргах тоолууртай, зорчигчийн аюулгүй байдлыг хангасан цэвэр, тохилог таксинууд юм.
Нийслэлээс нийтийн тээврийг шинэчлэх бодлогын хүрээнд үйлчилгээнд ийм нийт 800 такси гарахаас эхний 50 таксийг өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд танилцуулахад нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан байлцав. Тэрээр нийтийн тээврийг нэг стандарттай болгож буй нь үйлчилгээг шинэ шатанд гаргахын сацуу төр хувийн хэвшлийн компаниудтай хамтарч буйг онцоллоо. Мөн энд хувийн машинтай таксийн үйлчилгээнд явдаг жолооч нар хамрагдах боломжтойг хэллээ.
Нийтийн үйлчилгээнд явах эдгээр машин нь БНСУ-д үйлдвэрлэсэн "Хьюндэй" үйлдвэрийн, газын хийн хөдөлгүүртэй, "Соната" маркийн таксинууд бөгөөд UB CAB аппликэйшнээр дамжуулан дуудлага өгөх, захиалах, мөн ийм такси хаана явааг мэдэх боломжтойг танилцууллаа.
Нийслэлд 512 такси үйлчилгээнд явж байгаа нь хангалтгүй бөгөөд судалгаагаар нийт 3000-5000 такси явж байж эрэлтээ хангах боломжтой аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.