Нийслэлийг удирдах дараагийн хүн хэн бэ?

Нийслэлийг удирдах дараагийн хүн хэн бэ?

Хууль тогтоох төрийн дээд байгууллагын төлөөллийг сонгох найм дахь удаагийн сонгууль болж өнгөрлөө.

УИХ-ын 2020 оны оны сонгуульд нийслэлийн ИТХ-аас 10 хүн нэр дэвшсэнээс гурав нь олонхын саналаар гишүүн болов. Тэдний нэг нь нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан. Тэгэхээр нийслэлийн Засаг даргыг шинээр сонгож, томилох шаардлага гарч байгаа юм. Монгол Улсын нийт хүн амын 50 орчим хувь нь Улаанбаатар хотод амьдарч, ДНБ-ий 70 орчим хувийг энд үйлдвэрлэж байна. Тэгэхээр нийслэлийн ахуй амьдралыг авч явах хүн туршлага, мэдлэг боловсролоор түүчээ нэгэн байх ёстой болов уу. Мөн нийслэлийн ИТХ-тай гар нийлж, хамтран ажиллах чадвартай байх нь чухал. Учир нь 2016 оны сонгуулийн дараа нийслэлийн Засаг даргаар С.Батболдыг томилсон хэдий ч ИТХ-ын гишүүн биш тул ойлголцож ажиллаж чадаагүй. Тийм учраас С.Батболд ажлаа өгч, С.Амарсайханыг нийслэлийн ИТХ дотроосоо томилсон байдаг.

2020 оны сонгууль дуусахтай зэрэгцээд цахим орчинд нийслэлийн дараагийн Засаг дарга хэн байх талаар таамаг хөвөрч эхэллээ.

Өдгөө хотын орлогчийн албыг хашиж буй Ж.Батбаясгаланг Засаг даргад томилж магадгүй гэх хүмүүс байна. Гэвч олонх нь түүний улс төрийн замнал, эдүгээг хүртэл хашсан алба нь Засаг даргад тэнцэхгүй болохыг хэлж байна. Цөөнгүй жил нийслэлийн удирдлагын багт ажиллаж байгаа ч гүйцэтгэгчийн үүрэг л гүйцэтгэж байсан тул ийн тэнцэхгүй гэж тэд үзэж буй бололтой. Нийслэлийн Засаг даргын суудал эзгүйрэхтэй зэрэгцээд хотын орлогч Б.Отгонсүхийг дараагийн "залгамжлагч" гэсэн мэдээлэл мөн гарч ирэв. Хаанаас нисгэсэн бор шувуу вэ гэдэг нь тодорхойгүй ч Б.Отгонсүхийг ялалт байгуулсан МАН-аас Засаг даргаар томилохгүй нь тодорхой. Ж.Батбаясгалан бодвол Б.Отгонсүх улс төрд "нялх ногоо". Хийсэн, бүтээснээрээ ч "балчир".

Тиймээс орон нутгийн сонгууль дөхөж байгаа энэ эгзэгтэй үед МАН хэнийг нийслэлийн Засаг даргад томилох вэ гэдэг нь анхаарал татаад буй биз.

2016 онд нийслэлийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгчдийн олонх нь улс төрд шинэ. Тийм учраас С.Амарсайханыг Засаг даргад дэмжсэн хэрэг. Мөн нийслэлийн ИТХ-ын даргад мэдлэг, туршлагыг харж Р.Дагвыг томилсон нь үнэн. Тэгэхээр өдгөө нийслэлийн Засаг даргын албанд тэнцэх боломжтой хүн нь Р.Дагва гэсэн яриа хүчтэй өрнөж байна. 

МАН-ынхан УИХ-д үнэмлэхүй ялалт байгуулсан ч нийслэлд ялалтаа бататгах нь Засаг даргын томилгооноос эхлэх болов уу.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.