Дэлхийн гаалийн байгууллагын дарга нарын ээлжит чуулган цахимаар болов
Дэлхийн Гаалийн байгууллага /ДГБ/-ын гишүүн орнуудын гаалийн байгууллагын дарга нарын 135/136 дугаар ээлжит Чуулган анх удаагаа цахим хэлбэрээр 2020 оны 6 дугаар сарын 25-нд амжилттай зохион байгуулав.
Энэ удаагийн Чуулганы онцлог нь “Ковид-19” халдварын улмаас хэлэлцэх асуудлыг урьдчилан ирүүлж, төлөөлөгчдийн тэргүүн нар өөрсдийн саналаа хүргүүлж, хуралдааны үеэр хэлэлцүүлсэн байна.
ДГБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Кунио Микурияа уг хуралдааныг нээж “Энэ удаагийн чуулган ДГБ-ын гишүүн орнуудын хувьд ажиллах шинэ зарчмыг бий болгож байна. Мөн Дэлхийн худалдааны байгууллага, Олон улсын худалдаа аж үйлдвэрийн танхим болон Нэгдсэн үндэсний байгууллага “Ковид-19” цар тахлын үед худалдааны урсгалыг саадгүй нэвтрүүлэх талаар анхааран хэрэгжүүлсээр байна. Цаашид бид энэ хэцүү үед өөрсдийн хамтын ажиллагааг улам бэхжүүлж, эрсдэлээс сэргийлэх зорилгоор ДГБ нь гишүүдийн чадавхыг дээшлүүлэх талаар анхааран төсөл хөтөлбөрүүд хийж та бүхэнд “Ковид-19” халдварын үед бэрхшээлгүй ажиллахад нарийн зааварчилга өгөх болно ” хэмээн онцолж чуулганы үйл ажиллагаанд амжилт хүслээ.
Чуулганд тус байгууллагын гишүүн 183 орны гаалийн байгууллагын тэргүүн нар оролцож ДГБ-ын Уялдуулсан системийн конвенцод оруулах өөрчлөлт; ДГБ-ын Санхүүгийн Хорооны 103 дугаар хуралдаанаас гарсан зөвлөмжийг батлахын зэрэгцээ ДГБ-ын Чуулган, Санхүүгийн болон Аудитын Хорооны даргалагч, дэд даргалагчийн үүрэг гүйцэтгэх хугацааг 2020 оны 12 дугаар сар хүртэл сунгахаар шийдвэрлэв
Чуулганы төгсгөлд хөтөлбөрийн дагуу ДГБ-ын 6 бүс нутгийн чадавхыг бэхжүүлэх төвийн дэд даргалагчийг сонгож, ДГБ-аас 2020/2021 оны санхүүгийн жилд зохион байгуулагдах хуралдаан, уулзалтын төлөвлөгөөг баталлаа. Ийнхүү ДГБ-ын 135/136 дугаар Чуулган амжилттай хуралдаж, 137 дугаар Чуулганыг энэ оны 12 дугаар сард зохион байгуулахаар товлов.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.