Монгол химичдын сэтгүүл олон улсын үнэлгээний жагсаалтад анх удаа оржээ
Шинжлэх ухааны академи /ШУА/-ийн Хими, хими технологийн хүрээлэнгийн “Mongolian Journal of Chemistry” сэтгүүл нь олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлийн нэр хүнд бүхий CiteScore, SJR болон SNIP үнэлгээнүүд хийгдсэн Монголын анхны сэтгүүл болж уг жагсаалтад орсон байна.
Монгол Улсын ШУА, Олон улсын INASP байгууллагын “Онлайн сэтгүүлүүд - Journals Online (JOLs)” төслийн дэмжлэгтэй Монголын эрдэм шинжилгээний сэтгүүлүүдийн нэгдсэн платформ – Mongolia Journals Online (MongoliaJOL)-ийг 2011 оноос хэрэгжүүлж эхэлсэн.
Тус платформын баг нь Монгол улсад хэвлэгдэж байгаа эрдэм шинжилгээний сэтгүүлүүдийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, чанарыг олон улсын түвшинд хүргэх, онлайн хэлбэрээр түгээх, сурталчлах болон сэтгүүлийн редакцын багийг чадавхжуулахад сүүлийн 10 орчим жил идэвхтэй ажиллаж ирсэн. Одоогийн байдлаар ШУА, ХААИС, ШУТИС зэрэг байгууллагуудын эрдэм шинжилгээний 7 сэтгүүлтэй хамтран ажиллаж, эдгээрийг Google Scholar, DOAJ, Dimensions, CNKI болон бусад хайлтын болон үнэлгээний системүүдэд индексжүүлж иржээ.
Жил бүр албан ёсоор зарладаг Элсэвиэр /Elsevier/-ийн салбар Скопус/Scopus/-ийн мэдээллийн санд бүртгэлтэй эрдэм шинжилгээний 25 мянга гаруй сэтгүүлийн CiteScore 2019 үнэлгээ гаргахад уг мэдээллийн сангийн үндсэн шалгууруудыг “Mongolian Journal of Chemistry” сэтгүүл хангасан байна.
“Mongolian Journal of Chemistry”-сэтгүүлийн ерөнхий редактор Академич Ж.Тэмүүжин, редакцын зөвлөлийн гишүүд, редакцын хамт олон, бүтээлээ хэвлүүлсэн нийт судлаач, шүүмжлэгч нарт болон тус хүрээлэнгийн хамт олонд, Монголын шинжлэх ухааны салбарынхан баяр хүргэж, өндөр амжилт хүслээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.