АНУ Хятадын албаны хүмүүст визийн хориг тавина
Төвдөд гадаадын иргэдийн нэвтрэх эрхийг хязгаарласан гэж АНУ-ын эрх баригчдын үзэж байгаа БНХАУ-ын албан тушаалтнуудад визийн хязгаарлалт тавихаар болсон байна.
“Өнөөдөр би Төвдөд гадаадын иргэдийг нэвтрэхтэй холбоотой бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэхэд ихээхэн оролцож буй Хятадын Засгийн газар, Хятадын Коммунист намын албан тушаалтнуудад визийн хязгаарлалт тавихаар болсныг мэдэгдэж байна” гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео мэдэгджээ. Хоригийг 2018 оноос хэрэгжиж байгаа Төвдөд харилцан нэвтрэх тухай хуулийн хүрээнд тавьж байгаа аж.
Помпеогийн мэдэгдсэнээр, "Хятадын албан тушаалтнууд болон тус улсын бусад иргэн АНУ-д нэвтрэх илүү их эрх эдэлж байгаа боловч Бээжин Америкийн дипломат ажилтнууд, бусад албан тушаалтан, сэтгүүлчид, жуулчдыг Төвдийн өөртөө засах орон болон Төвдийн зарим нутаг руу аялахад дэс дараатайгаар саад болж байна".
“БНХАУ хүний эрхийг зөрчиж байгааг, түүнчлэн Азийн гол мөрний ойролцоох хүрээлэн буй орчин доройтохоос урьдчилан сэргийлж чадахгүй байгааг харгалзан үзвэл Төвдөд нэвтрэх нь бүс нутгийн тогтвортой байдалд илүү чухал ач холбогдолтой" гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга үзэж байгаа аж.
АНУ Төвдийн иргэдийн эрх ашигт нийцсэн "эдийн засгийг тогтвортой хөгжүүлэх, хүрээлэн буй орчныг хамгаалах, хүмүүнлэгийн нөхцөлийг сайжруулах" ажлыг үргэлжлүүлэхээр төлөвлөж байгааг тэрбээр цохон тэмдэглэжээ. "Бид төвдүүдийн өөртөө засах өргөн эрх мэдлийг хадгалах, тэдний язгуур эрх ашиг, өвөрмөц шашин, соёл, хэлний өвөрмөц байдлыг хүндэтгэхэд нь тууштай дэмжлэг үзүүлнэ" гэж Помпео мэдэгдсэн байна. Тэрбээр мөн "Төвдийн өөртөө засах орныг оруулаад Хятадын бүс нутгуудад америкчуудыг чөлөөтэй нэвтрүүлэх боломжийг бүрдүүлэх талаар" АНУ-ын засаг захиргаа Конгресстой хамтран ажиллана гэдгийг цохон тэмдэглэжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.