АНУ дахь гадаад оюутнуудыг албадан гаргах шийдвэр маргаан үүсгэж байна
АНУ-ын гааль, цагаачлалын асуудал эрхэлсэн агентлагаас гаргасан шийдвэр багагүй маргаан үүсгэж байна. Боловсролын байгууллагуудын удирдлага, гадаад оюутнуудын зүгээс энэ шийдвэрт тодорхойгүй зүйл маш их байгааг анхааруулж байгаа аж. Америкийн гааль цагаачлалын агентлагаас ирэх намраас хичээл нь цахим хэлбэрт шилжих боловсролын байгууллагуудад суралцдаг бүх гадаад оюутнууд Америкийн нутгаас сайн дураараа гарахгүй бол албадан гаргахаа мэдэгдсэн юм.
Энэ шийдвэрт Ф1, М1 визтэй оюутан суралцагчид хамаарахыг сануулсан юм. Ф1 визийг Америкт суралцагч гадаадын оюутнуудад олгодог бол М1 визийг мэргэжил дээшлүүлэх бүх төрлийн сургалтад хамрагчдад олгодог. Гааль, цагаачлалын агентлагийн шийдвэрийн дагуу ирэх намар тухайн суралцагчийн хичээл бүрэн цахим хэлбэрт шилжвэл нэг бол танхимын сургалттай сургуульд шилжих эс бол Америкийн нутгаас гарах ёстой гэсэн шаардлага багтсан байгаа юм. Гэвч гадаад оюутнууд суралцдаг ихэнх сургуулийн захиргааны зүгээс тус агентлагийн шийдвэрийг эцсийнх гэж үзэхгүй байна.
Тодруулбал, муж орон нутгийн эрх баригчдын шийдвэрийг хүлээж байгаагаа оюутнууддаа мэдэгдэж байна. Харвардын их сургуулийн Ерөнхийлөгч Ларри Бакоу Америкийн эрх баригчдын энэ шийдвэрийг нэг хэвэнд цутгасан, буруу шийдвэр гэж үзэж байна. Шууд нутагтаа харьж цахимаар хичээлээ хий гээд шийдвэр гаргаж болохгүй. Гадаад оюутнуудын дунд цагийн өөр бүсэд амьдардаг, цахимаар хичээлээ ч хийх нөхцөл байхгүй нь ч бий. Тиймээс Харвард оюутнуудаа албан гаргуулахгүйн тулд бусад их дээд сургуультай хамтран ажиллаж шийдэлд хүрэхээ мэдэгдэж байна. Мөн Америкийн боловсролын зөвлөлийн дэд Ерөнхийлөгч Брэд Фарнсворт гааль, цагаачлалын агентлагийн шийдвэр илүү төөрөгдөлд оруулж, тодорхойгүй байдал үүсгээд байгааг мэдэгджээ. Гол нь танхимаар эсвэл цахимаар хичээллэх эсэхээ боловсролын байгууллагууд одооноос шийдчих боломжгүй байгаа нь тодорхойгүй байдлыг үүсгэж байгааг тэрээр сануулж байна.
Үүний зэрэгцээ тус агентлагийн шийдвэр хэрэгжлээ гэхэд Америкийн эдийн засагт, боловсролын байгууллагуудад сөргөөр нөлөөлөхийг шинжээчид мөн сануулж байна. Америкийн худалдааны яамны мэдээгээр 2018 онд л гэхэд гадаад оюутнуудын тус улсын эдийн засагт оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ 45 тэрбум долларт хүрч байсныг мэдээлж байгаа юм. Мөн өнгөрсөн оны мэдээгээр гадаад улс орнуудын 1,1 сая оюутан Америкт суралцсан байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.