БНХАУ АНУ-ын иргэд, байгууллагуудад хариу хориг арга хэмжээ авна
БНХАУ-ын Засгийн газар АНУ-ын иргэд, байгууллагуудад хариу хориг арга хэмжээ авна гэж тус улсын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Жао Лизянь баасан гарагт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Вашингтон Хятадын албаны хүмүүст хориг арга хэмжээ авсан талаар тайлбар хийхдээ мэдэгджээ.
“АНУ-ын дээр дурдсан арга хэмжээ БНХАУ-ын дотоод хэрэгт бүдүүлгээр оролцсон, олон улсын харилцааны үндсэн зарчмуудыг ноцтой зөрчсөн үйлдэл бөгөөд энэ нь Хятад-Америкийн харилцаанд сөргөөр нөлөөлнө. Бид энэ алхмыг буруушааж, ийм алхам хийхийг эс зөвшөөрнө” гэж тэрбээр хэлсэн байна.
“Энэхүү буруу алхмын хариуд Хятад улс Шинжааны талаар зохисгүй үйлдэл гаргасан АНУ-ын иргэд, байгууллагуудад адилхан арга хэмжээ авахаар шийдлээ” гэж тус улсын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч нэмж дурджээ. Хоригийн жагсаалтад ямар хүмүүсийг оруулсан талаарх асуултад тэрбээр дэлгэрэнгүй мэдээллийг дараа нийтэлнэ гэж хариулсан байна. “АНУ ийм алхмаа үргэлжлүүлсээр байх аваас Хятад улс хариу арга хэмжээг хатуу авна” гэж тэрбээр хэлжээ.
Шинжаанд болж буй үйл явдал нь Хятадын дотоод хэрэг юм гэж тус улсын гадаад бодлогын байгууллагын албан ёсны төлөөлөгч цохон тэмдэглэсэн байна. “БНХАУ-ын Засгийн газар үндэснийхээ тусгаар тогтнолыг хамгаалах, аюулгүй байдлыг хангах, хөгжлийнхөө эрх ашгийг хамгаалах, терроризм, салан тусгаарлах, шашны хэт туйлшрах үзэлтэй тэмцэх ажлаа үргэлжлүүлж, БНХАУ-ын дотоод хэрэгт тэр дундаа Шинжааны хэрэгт хөндлөнгөөс оролцохыг эсэргүүцсээр байх болно. Бид энэхүү алдаатай шийдвэрээ буцааж, Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохоо зогсоон, ашиг сонирхолд нь хохирол учруулахгүй байхыг АНУ-д уриалж байна” гэж Жао Лизянь цохон тэмдэглэсэн байна.
АНУ-ын Төрийн департамент болон Сангийн яам Хятадын дөрвөн албан тушаалтанд визийн хязгаарлалт, санхүүгийн хориг арга хэмжээ авснаа пүрэв гарагт мэдээлжээ. АНУ-ын засаг захиргаа эдгээр түшмэлийг БНХАУ-ын Шинжаан-Уйгарын өөртөө засах орны /ШУӨЗО/ үндэстний цөөнхийн эсрэг хүчирхийлэл үйлдэхэд оролцсон гэж үзэж байгаа аж. Хоригийн жагсаалтад ШУӨЗО-ы намын хорооны нарийн бичгийн дарга Чэнь Цюаньго, бүс нутгийн намын хорооны орлогч дарга асан Жу Хайлунь, ШУӨЗО-ы нийгмийн аюулгүй байдлын газрын дарга Ван Миншань, бүс нутгийн нийгмийн аюулгүй байдлын газрын намын хорооны нарийн бичгийн дарга асан Хо Люзюнь нарыг оруулжээ
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.